Улсын Их Хурлын чуулган үргэлжилж байна.
Б.Баттөмөр гишүүн "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой. Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих хэрэгтэй. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг" гээд эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн эсэхийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд вирусээр халдварладаг таван төрлийн өвчин байдаг. Энэ жил шүлхийн голомт бүрэн арилсан. Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой малын өвчлөл гарах магадлалтай тул хяналтдаа авахыг УОК-т мэдэгдсэн. 70 гаруй мянган тонн мах экспортолсон. Нэмж авах захиалга ирүүлсэн гэсэн мэдээллийг Засгийн газрын төлөөлөл өгөв. Бэлчээрийн малын махыг дэлхий нийтэд худалдах хориотой. 21-р зуунд энэ хэвээр байх уу хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр шүүмжилж, холбогдох яамнаас тодруулахад, Засгийн газрын тогтоол гарсан, 5-6 аймгийг мал эмнэлгийн эрүүл бүс болгох зорилт тавьж, улсын хэмжээнд бодлого баримталж ажиллаж байгаа хэмээлээ.