УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өвөлжилттэй холбоотой цаг үеийн мэдээллийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд санал бодлоо солилцлоо.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Бид 2-3 асуудалд анхаарлаа хандуулах ёстой болоод байна. Нэгдүгээрт, махны борлуулалтыг онцгой анхаарах хэрэгтэй. Мах борлуулах асуудлыг төр бодлогоор шийдэх хэрэгтэй. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүдэд зээл олгоё гэж ярьж байна. Энэ үйлдвэрүүд бүгд хятад эзэнтэй. Нэг ч монгол эзэнтэй үйлдвэр байхгүй. Тэрний оронд мах борлуулах тал дээр дорвитой шийдвэр гаргая. Аргаа бараад өвөлжилт хүндрэхээс өмнө малаа нядалж байгаа олон малчин бий.
Хоёрдугаарт, бензин шатахууны хомсдолоос шалтгаалаад орон нутагт асуудал бүр хүндрэх нь.
Шатахууны хомсдолыг арилгахын тулд олон талаар хамтарч ажиллах боломжуудыг судалж Засгийн газар яаралтай зохицуулалт хийх хэрэгтэй. Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг жижиг аж ахуйн нэгжүүдэд олгодог болъё.