Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Тус төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, үг хэлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм (Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь А6 нүүрнээс уншина уу). Уг нь эл төсөлд шүүхийг тойргийн зарчмаар байгуулахтай холбоотой нэлээд зохицуулалт тусгасан. Гэсэн ч авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах хүртэл хоёр шатаар буюу давж заалдах шатны шүүх анхан, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан нь өргөн барьсан үеэс анхаарал татаж буй. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр ч олон гишүүн эл заалтын талаар тодруулж, онцолж байсан юм. Энэ үеэр гишүүдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн):
-Авлигатай нам харгалзахгүй тэмцэх учиртай. Тиймээс ч манай намаас санаачлан Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотой сонсголыг УИХ-аас зохион байгуулахад идэвхтэй ажилласан. Гэхдээ шүүхээс уг хэрэгт дунд шатны цөөн хэдэн албан тушаалтанд л ял ногдууллаа. Мөн 40 их наяд төгрөгийн дүн бүхий нүүрсний хулгайг ил болгохын тулд нээлттэй сонсгол хийх гэж нэг жил зарцууллаа. Үр дүн гарсангүй. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг шийдвэрлэх шүүх хурлыг олон жилийн турш хойшлуулсаар байна. Эдгээр хэргийг шийдвэрлэх нь зөв. Гэхдээ учиртай хандах ёстой. Авлигын хэргийг анхан шатанд шийдэхгүй, удаагаад байгаа учраас хоёр шаттайгаар шийдвэрлэе гэж байгаа юм байна. Уг нь олон улсын жишгээр хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэж байж хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй гэж үздэг. Авлигын хэргийг хоёр шатаар шийдвэрлэх нь зөв гэдэг үндэслэлээ хэлнэ үү. Ингэснээр бусдыг хэлмэгдүүлэхгүй байх баталгаа байна уу. Удаад буй томоохон хэргүүдийг хоёр шатны шүүхээр шийдвэрлэх юм уу?
Б.ЭНХБАЯР (Хууль зүй, дотоод хэргийн сайд):
-Таны хэлсэнчлэн авлигын гэмт хэрэгтнүүд цаг хожиж, ял завшдаг схем бий болгосон. Сүүлийн үед анхаарал татаж буй хэргүүдийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэж байгааг бүгд харж байгаа болов уу. Их наяд, тэрбумаар нь хулгайлчхаад хэдхэн сая төгрөг төлж үлдээд байна шүү дээ. Үүнийг болиулъя. Дээд шүүх Монгол Улсад шударга ёсны эцсийн цэгийг хатгагч нь мөн юм бол авлигачдад тэр нүүр царайгаа харуулах хэрэгтэй. Анхан шатны нэг, хоёр шүүгч рүү заагаад, “тэр тэгсэн, энэ ингэсэн” гээд суумааргүй байна. Энэ хуулийн төслийг хамгийн их эсэргүүцэж байгаа нь “нүүрсчид”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийнхан. Нүүрсний тээврийн нэг машины үнэ нь хамгийн багадаа, хуучин нь 350 сая төгрөг юм билээ. Шинэ нь 420 сая төгрөгийн үнэтэй. 20 тэрбум төгрөгийн үнэ бүхий машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон юм билээ.
Т.ДОРЖХАНД:
-Энэ хуулийг баталбал том хэргүүдийг шийдэж чадах уу гэж л асуугаад байгаа юм.
Б.ЭНХБАЯР:
-УИХ бол худлаа ярьдаг, амандаа орсон тоог хэлдэг газар биш. Энд ярьсан зүйлээ хууль, шүүхийн өмнө нотолж чаддаг байх учиртай. Та нүүрсний сонсголын хоёр дахь гэрчээр оролцож, 40 их наяд гэсэн тоог хэрхэн тооцсоноо нотлох ёстой. Нүүрсний гэх түр хорооны даргын хувьд таныг гэрчээр дуудна. Ерөнхийд нь ингэж бодсон юм гэдэг ч юм уу, дур зоргоороо ярьж болохгүй. Хуульч нь хуульч шиг, эдийн засагч нь эдийн засагч шиг хариуцлагатай байх хэрэгтэй.
Г.ЗАНДАНШАТАР (УИХ-ын дарга):
-Шүүхийн танхимд байгаа биш, улс төрчид баталгаа асуугаад байх нь хэр бол. 40 их наяд гэдэг чинь нүүрсний нийт экспортын дүнг нааш, цааш болгож ярьсан тоо юм биш үү. Шүүх хэргийг шийдэхгүй, удаашруулаад байгааг ярьж болох ч тухайлсан хэргийг талаар энд хэлэлцэх эрхгүй.
Г.ТЭМҮҮЛЭН (УИХ-ын гишүүн):
-Шударга ёсыг тогтоохын төлөө хийж буй Засгийн газрын эрмэлзлийг дэмжих үүднээс энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүгч нарыг авлигаас ангид байлгах зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ. Авлигатай тэмцэх тусгай чиг үүрэгтэй байгууллага манайд бий. Мэргэшсэн хуульчид ч ажиллаж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураахын тулд прокурорын байгууллагын дэргэд мөрдөн байцаах албыг дахин байгуулах ёстой юм биш үү?
Б.ЭНХБАЯР:
-Авлигаас салъя гэвэл тогтолцооны хэмжээнд том зургаар нь харах ёстой. Авлига, албан тушаалын хэргийг үндэстэн дамнуулж, далд хэлбэрээр, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хэвлэл мэдээллийнхэнтэй ойр хүмүүс хийдэг. Энэ нь Хөгжлийн банкны хэргээс харагддаг. Нүүрсний гэх хэргээс бүр ч тодорхой харагдах юм билээ. Далд байгаа мэдээллээр “төмсөгддөг”, эсвэл зориуд хэвлэлээр шантаажилдаг. Хуулийнхан нь ч үүнийг мөнгө олох хэрэгсэл болгочихсон, хамтран хулгай хийж, нүүрс тээвэрлэдэг, мөнгөө хуваадаг. Ер нь бүх салбар хувалзнуудаасаа салах цаг болсон. Нүүрсний сонсголыг дуусгачхаад өөрийн хариуцаж байгаа салбараа хувалзнуудаас нь салгана. Улс төрийн нам нь ч авлигачдаасаа салах хэрэгтэй.
С.ОДОНТУЯА (УИХ-ын гишүүн):
-Өнөөгийн эрх баригчид сүргээрээ, байгууллагаараа хулгай хийж байна. Мафийн зохион байгуулалтад орчихож. Гааль, цагдаа, хил, мэргэжлийн хяналт гээд бүгд нийлж, үгсэн хулгайлж байна. Утаа, хавдар, ядуурал гээд нийгэмд ужгирсан бүх асуудал авлигаас л үүдэлтэй. Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах нэрээр улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгочих вий. Захиалгаар ажиллахгүй гэх баталгаа алга. Манайд Авлигатай тэмцэх газар, Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх хөтөлбөр гээд үүний эсрэг ажиллах механизм нь хангалттай байна. Одоогийн УИХ яагаад авлигын шалтгаантай нь тэмцэхгүй байгаа юм бэ. Дагнасан шүүх байгуулсан улс оронд авлига нь буураагүй гэсэн судалгаа байна шүү дээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комиссыг удирдаж байгаа хүний хувьд хэлэхэд, иргэний эрхийг шүүхээр биш, Онцгой бүрэн эрхт комиссын гишүүн гэх гурван хүн өдөрт мянгаар нь хэлмэгдүүлснээр 1937 оны аймшигт түүхийг бичсэн байдгийг санаарай. Авлигын хэргийн шүүх байгууллаа гэхэд тэр шүүхэд ажиллах хүмүүс нь авлигаас ангид ажиллах баталгаа алга. Та шударга ажиллалаа гэхэд дараагийн сайд чинь “шударга бусын хонгил”-оор бусдыг чирэхгүй байж чадах юм уу. Гүрж улс гадаадаас хараат бус шүүгч нарыг авчирч ажиллуулсан туршлагыг манайд хэрэгжүүлэх боломжтой юу?
Б.ЭНХБАЯР:
-Тантай санал нэг байна. Бид болзошгүй эрсдлийг тооцох ёстой. Таны хэлээд байгаа болгоомжлол надад ч байна. 2020 оны наймдугаар сард Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах үеэр улсын ерөнхий шүүгчийг шүүхийн хаан болгох нь, тодорхой хэрэг, маргааныг үзэмжээрээ шийдвэрлэж, “хонгил” угсрах юм биш үү гэж сануулж байсан маань хэвээрээ. Өнөөгийн нөхцөлд шүүхээр томоохон хэргүүдийг хэрхэн шийдэж байгааг харахад харамсалтай байна. Тиймээс Дээд шүүх шударга ёс тогтоох ноён оргил нь юм бол тодорхой хэргийг шийдвэрлэхэд хариуцлага хүлээгээд явбал яасан юм бэ. Энэ үүргийг удаан хугацаанд үүрүүлбэл таны хэлсэнчлэн хонгил үүсэх эрсдэл бодитой нүүрлэнэ. Нөгөө талаас авлигатай тэмцэх үйл хэрэг, “5Ш” ажиллагаа, хууль, хяналтынхны ажил талаар болох учиргүй. Шүүхийн тогтолцоонд итгэх ард түмний итгэл нуран унавал юу болох билээ. Дарангуйллын засаглал руу түлхэх үр дагавартай. Үндсэн хуульд зааснаар бүх шатны шүүхийн шүүгч нь Монгол Улсын иргэн байх ёстой. Ер нь Монголын төр гадаадаас шүүгч урьж, залан, авлигатай тэмцэж чадахгүй болтлоо доройтсон гэж бодохгүй байна. Хуулийн байгууллагад ажиллаж буй олон шударга хүн бий. Харин тэдний олсон, илрүүлснийг зарж, шантаажлан, замхруулдаг сүлжээ байгаа нь шударга хэсгийнхээ итгэлийг мохоодог. Тиймээс ч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй гэж тэмцээд байгаа нь улс төрийн энэ хүсэл эрмэлзэлтэй маань холбоотой.
Н.АЛТАНХУЯГ (УИХ-ын гишүүн):
-Энэ төслийг хэлэлцэж болохгүй. “Шударга бусын хонгил”-ыг нураах гээд нэлээд шинэчлэл хийж байна. Тухайлбал, шүүгчид хариуцлага тооцох механизм бий болгочихсон биз дээ. Авлигын хэргийг хоёр шатаар шийдвэрлэх гэж байгаа нь шүүхийн тогтолцоогоо нураахаас гадна улс төрийн өш хонзон авах талбар болж хувирна. Хэргийг хэдхэн шүүгч шийдсэнээр жинхэнэ утгаараа хонгил үүснэ. Ардын намынхан АН-ын баахан хүнийг ирэх хавар энэ хонгилоор чирэх байх. Дараа нь 2024 оны сонгуулиар олонх болсон нь өшөөгөө авах гээд ажиллаж эхэлснээр Монголын төрийн тогтолцоог тэр чигт нь буруу тийш зална. Төслөө танилцуулж байгаагаас харахад энэ хуулийг батлах нь Ерөнхий сайдын хүсэл эрмэлзэл бололтой. Авлигын эсрэг Үндсэн хуулийн дагуу ажиллавал дэмжинэ. Ямар ч тохиолдолд гурван шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлэх ёстой. Тэгээд ч авлигачдад ногдуулах ялыг чангаруулсан. Ер нь “махны машин” ажиллаад эхэлбэл “эзэн”-ээ эргүүлээд тасаддаг юм шүү. Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулна гэж ярихаа ингээд зогсоочих, Энхбаяр аа. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар буруу ажиллаад, самраад байна гэх юм. Тийм бол тэр шүүгч нарт нь хариуцлага тооц л доо. Ц.Элбэгдорж буруу зүйл хийсэн. Гэхдээ түүгээр толгойлуулсан АН-ынхан гэх байдлаар хандаж болохгүй. Тогтолцоог чинь эвдэх төсөл оруулж ирж байхад Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийнхөн дуугүй сууж болохгүй. Ерөнхий сайдын яриаг сонсоход сайхан ч “хонгил угсрах” гэж байна. Улсаа нураачхав даа, эрх баригчид аа. АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгон томилуулах эрхтэй. Прокурорын байгууллага ч удирдлагын босоо тогтолцоотой. Гэтэл шүүхийн гурван шатны шийдвэрийг хоёр болгож байгааг “хурдавчилсан хонгил” үүсгэх нь гэж харахаас өөр яах юм бэ. Эмгэнэлтэй байна. Гадаадынхны гар, хөл болоод байгаа юм биш биз дээ?
Б.ЭНХБАЯР:
-Хамгийн их зовлон үзэж, хонгилоор хамгийн удаан чирүүлсэн хүн бол та. Сэтгэлийн хөөрлөөр яриагүй гэдэгт тань итгэж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах гэсэн үзэл санаа маань хэвээрээ. Шүүх эрх мэдлийг Засгийн газраас хараат бус байлгаж, хамгаалах ёстой. Тиймээс ч Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулахаар хуульчилсан. Ингэхдээ Дээд шүүхтэй зөвшилцөнө. Тэр саналыг нь Засгийн газар хэлэлцэхээр хуульд заасан юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаас өөр зүйлийг Засгийн газар ярих эрхгүй. Шүүхийн тогтолцоогоо хамгаалах орон зайг нь хуулиар бэхжүүлсэн. Энэ ч утгаараа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Дээд шүүх хоёрын зөвшилцсөн саналд авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах заалт байхгүй. Үүнийг Шүүхийн тухай хуулиар шийдэх боломжгүй учраас Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулан тогтоолын төсөл өргөн барьж, хүсэл эрмэлзлээ илэрхийлж байгаа юм. Төслийг батлах, эсэх нь хууль тогтоогчдын бүрэн эрх. Нөгөө талаас нүүрсний сонсголыг хийхдээ намаар нь ангилж, ялгаагүй. Том, жижиг “Тавантолгой” гэж компаниар нь ялгаж сонсгол хийнэ.
Г.ЗАНДАНШАТАР:
-Хэлэлцүүлгийн явцад нухацтай ярилцах ёстой. Авлигын хэргийн шүүх байгуулаад амжилтад хүрсэн жишээ юу байна гэх мэтээр харах учиртай. Бид сайн жишгийг нь л харгалзах нь зөв биз дээ. Ер нь Шүүхийн сахилгын хороо гэх мэт дөнгөж бэхжиж байгаа байгууллагуудынхаа цаашдын хөгжилтэй нь уялдуулан цогцоор нь харах шаардлагатай.
Ш.АДЬШАА (УИХ-ын гишүүн):
-Энэ төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлалаа дагах уу, үгүй юү гэсэн салаа замын уулзварт биднийг авчирлаа. Монгол Улсын иргэн давж заалдах шатны шүүхээр шүүлгэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Б.Энхбаяр сайд та “Дээд шүүхээр хэрэг, маргааныг шийдвэрлэхгүй, онолын судалгааны чиглэлд ажиллана” гэж хэлж, хамгаалж байсныг тань сануулъя. Гэтэл одоо та хяналтын шатны шүүхээр хэрэг, маргаан шийдвэрлэнэ гэдэг төсөл оруулаад ирлээ. Нөгөө талаас Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд авлигын хэргийг тусгай журмаар шийдвэрлэх өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Авлигын хэргийг хуулиар шийдвэрлэдэг байсныг журмаар эцэслэх гэж байгаа юм уу. Улмаар энэ журмаа 2024 оны эхнээс нэг жилийн хугацаанд буюу авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах хүртэл мөрдөнө гэж заасан байна. Яагаад нэг жил байхаар тусгасан юм бэ?
Б.ЭНХБАЯР:
-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Үндсэн хуульд нийцүүлэн өргөн барьсан. Дээд шүүх нь хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг давж заалдах шатны журмаар шийдвэрлэж болно гэсэн заалт Үндсэн хуульд бий. Иймд Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй. Мөн шүүхийг зөвхөн хуулиар байгуулахаар Үндсэн хуульд тусгасан. Таны хэлээд байгаа журам нь хүн айгаад байх зүйл биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг л хэлээд байгаа юм. Авлигын хэргийг тусад нь, журмаар шийдвэрлэнэ гэсэн үг биш. Хугацааны тухайд хэлэлцүүлгийн явцад олон талаас нь ярих байх гэв.