Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС) олон нийтэд анх хэрхэн танигдсан бэ. “ЭМДС бол эрх мэдэлтнүүд гадаадад эмчлүүлэх, оношлуулах зардлаа шийддэг сан” гэж өнгөрсөн тавдугаар сард нэр бүхий хүмүүс цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнээс хойш л олон нийт Засгийн газрын ийм тусгай сан үйл ажиллагаа явуулдгийг мэдсэн юм. Өмнө нь бол ийм сан байдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй, мэдээлэлд ойр нэгэн нь л ашиг шимийг нь хүртдэг байж.
Гэхдээ бодит байдалд энэ сан гадаадад эмчлүүлэх, оношлуулах хүмүүсийн зардлыг гаргадаггүй байв. Харин ЭМЯ болон түүний харьяа байгууллагуудын албан хаагчдын томилолтын зардал, хэрэгтэй, хэрэггүй хурал, зөвлөгөөн, сургалт явуулах санхүүжилтийг л шийддэг байсныг бид өмнө нь хэд хэдэн удаа хөндсөн билээ. Харин одоо эл сангийн үйл ажиллагааг илүү өргөтгөж, өмнө дурдсанаар гадаадад эмчлүүлэх хүмүүсийн оношилгоо, эмчилгээг шийддэг эрхтэй болгохоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “зүтгүүлж” байна.
19 дүгээр зүйлийг орвонгоор нь эргүүлнэ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 24-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлагч “автор” нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг. Дээрх хуулийн 19 дүгээр зүйл нь бүхэлдээ ЭМДС-гийн үйл ажиллагааг зохицуулсан заалтуудтай. Хуульд өөрчлөлт оруулах төслийг харвал уг зүйлийг орвонгоор нь эргүүлж, ЭМДС-гийн эрх мэдэл, төсөв, үйл ажиллагааны цар хүрээ зэргийг өргөжүүлэхээр тусгажээ. Гол асуудал нь ийнхүү “томорлоо” гээд ЭМДС үр дүнтэй үйл ажиллагаа явуулж чадах уу. Харин ч илүү их мөнгийг үр ашиггүй зарцуулах юм биш үү гэсэн хардлага төрж байна.
Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.1-т “Эрүүл мэндийг дэмжих сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай байна” хэмээн үйл ажиллагааны цар хүрээг нь цомхон, товчхон тодорхойлсон. Тэгвэл өөрчлөлт оруулах хуулийн төсөлд уг заалтыг илүү дэлгэрүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох гэсэн гурван томоохон агуулгыг нэмжээ.
Ирэх оны төсөвт 10 тэрбум төгрөг тусгажээ
ЭМДС-г “томруулах” бэлтгэлээ Эрүүл мэндийн сайд хийгээд эхэлжээ. Тодруулбал, ирэх оны улсын төсөвт тус санд 10 тэрбум төгрөг хуваарилсан байна. Уг дүн нь энэ оны санхүүжилттэй нь харьцуулахад тав дахин илүү төсөв юм. Салбарын сайдын тайлбарласнаар бол эл санхүүжилтийн 50-60 хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулна. Үлдсэн 40 орчим хувийг нь гадаадад эмчилгээ хийлгэх иргэдийн зардал болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулах гэнэ.
ЭМДС-г анх байгуулсан 2008 оноос хойш 30 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс “хандивласан” байдаг. Тэглээ гээд тус сан иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн нь үгүй. Харамсалтай нь, хэн ч үүнд хяналт тавиагүй, хариуцлага тооцоогүй, төсвийн хөрөнгө дэмий үрэгдээд өнгөрсөн. Ирэх жилийн 10 тэрбум төгрөгийг ч ийм хувь заяа хүлээж байгаа гэхэд буруудахгүй. Учир нь Засгийн газраас “Шилэн” хэмээх сүржин нэртэй, даржин ажиллагаа явуулж, тусгай сангуудынхаа үйл ажиллагааг цэгцэлнэ гэж цээжээ дэлдээд удсан ч өдий хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй. Тусгай сангууд шилэн болоогүй л байна.
Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн, ялангуяа Монголд хараахан нэвтрүүлж чадаагүй эмчилгээг өөр улсад хийлгэсэн иргэдэд нийт төлбөрийнх нь таван хувийг улсаас олгодог журам манайд үйлчилдэг. Ингэхдээ тухайн иргэн эмчлүүлээд ирсэн хойно нь холбогдох баримтуудыг үндэслэн төлбөрийнх нь таван хувийг олгодог зохицуулалттай. Уг зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас шийддэг бөгөөд жилд 500-600 сая төгрөг зарцуулдаг байна. Жишээ нь, өнгөрсөн онд гадаадад эмчлүүлсэн 82 хүн ЭМЯ-нд хандаж, тэдгээр иргэнд нийт 600 гаруй сая төгрөгийг сайдын багцаас олгосон аж. Ирэх оны тухайд үүнд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсвийг нь бараг хоёр дахин нэмээд байгаа гэнэ.
С.Чинзоригийн сонгуулийн пиар болох уу
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа ЭМДС-гийн үйл ажиллагааг нарийвчлах журам гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр гадаадад эмчлүүлсэн хүүхдүүдийн зардлын 50, насанд хүрсэн хүмүүст 20 хувийг нь ЭМДС-гаас олгодог болгоно гэж сайд С.Чинзориг “зөгнөж” буй юм билээ. Тэрбээр хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулахдаа “2017 онд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчний жагсаалт баталсан. Жагсаалтад одоогоор 26 төрлийн өвчин бий. Эдгээрийг дотооддоо бүрэн оношилж, эмчилж чадна гэж хэлэхэд хэцүү. Хуульд өөрчлөлт оруулсны дараа Засгийн газар журмыг нь батлаад, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлээд ирсэн хүүхдийн зардлын 50, насанд хүрэгчдэд 20 хувийг олгоё. Үүнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлье гэсэн бодолтой байна. Ирэх жил бид ямартай ч хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг олгох юм. Үүнээс өөр боломж гарахгүй байх. Огцом нэмбэл иргэдийн дунд хий хүлээлт үүсгэх эрсдэлтэй. Улмаар санхүүжилт хүрэхгүй болж магадгүй гэж маш их болгоомжилж байгаа” хэмээн ярьжээ.
Ийнхүү ярьснаас нь үзвэл тэрбээр ирэх онд сонгуулийн пиар хийх сэдвээ хэдийн олсон бололтой. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэд, ялангуяа хүүхдүүд хандив гуйсан мэдээллийг бид нийгмийн сүлжээгээр байнга хардаг. Ийм тохиолдолтой бараг өдөр болгон тулгардаг гэхэд ч хилсдэхгүй. Нийгмийн хамгийн эмзэг цэгүүдийн нэг болсон эл асуудлыг салбарын сайд “барьж авч”, төлөөлөл болсон хэдэн хүнд дэмжлэг үзүүлсэн нэр зүүн, “Цаашдаа та нарт ч дэмжлэг үзүүлнэ” гэсэн пиар хийж магадгүй нь. Салбартаа тулгамдсан асуудлуудыг сууриар нь шийдэхийн оронд тэрбээр “гал унтраах” арга хэмжээ авч, УИХ-д улиран сонгогдох арга хэрэгслээ болгоно гэсэн үг.
Боловсролын зээлийн сангийн түүх давтагдах вий
Засгийн газрын тусгай сангуудын нэг Боловсролын зээлийн сан 1977-2023 оны хооронд нэг их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан байдаг. Сан байгуулсан хугацаанаас хойш давхардсан тоогоор 638 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг 1.2 сая суралцагчид олгосон талаарх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд өмнө нь олон нийтэд өгч байв. Тэдний дотор эрх мэдэл бүхий, олны танил, өдгөө төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс болон хүүхдүүд нь зээл авсан баримт цөөнгүй илэрсэн. Гэтэл тэтгэлэг авсан хүмүүс “Шаардлагыг нь хангасан учраас авсан” гэх тайлбарыг хээвнэг өгчхөөд, юу ч болоогүй мэт явж л байгаа. Яг ийм түүх ЭМДС-д давтагдахгүй гэсэн баталгаа үгүй.
Учир нь ЭМДС-д ямар ч хяналт байдаггүй гэхэд болно. Бас Засгийн газраас улиглан давтаад байгаа шиг “Бүх үйл ажиллагаа нь шилэн болно” гэсэн нь ч эл санд одоогоор үйлчлээгүй байна. Тухайлбал, аль төсөлд ямар шалгуураар дэмжлэг олгоод байгаа нь тодорхойгүй хэвээрээ. Бас дэмжлэг авсан төслүүдийг үнэхээр хэрэгжүүлж, үр дүн гарсан, эсэхийг ч сангийнхан шалгадаггүй. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ирүүлсэн, худал, үнэн нь мэдэгдэхгүй тайланд үндэслээд л амжилттай гээд дүгнэчихдэг. Үүнээс гадна өдгөө сайдын багцаас гаргаж, гадаадад эмчлүүлээд ирсэн иргэдэд олгодог зардал ч маргаан, шүүмжлэл дагуулдаг. Үүний цаана ямар “нууц” байдаг нь ч тодорхойгүй буюу үнэхээр зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа, эсэхийг бид мэдэхгүй. Тиймээс цаашид дарга нар, эрх баригчид, тэдний хүүхдүүд гадаадад эмчлүүлэхдээ ЭМДС-гийн мөнгийг ашигладаг болчих вий гэсэн хардлага төрж байгаа юм. Яг Боловсролын зээлийн санг “цөлмөчхөөд” юу ч болоогүй мэт мартсан жишээ давтагдах уу гэсэн асуулт ч бий. Ийм асуудлуудаа эхлээд цэгцлээгүй байж сайд С.Чинзориг гадаадад эмчлүүлэх хүмүүст мөнгө өгнө хэмээн улигласаар буй. УИХ-ын гишүүд ч үүнийг нь дэмжихээ ам уралдан илэрхийлсээр байна. Зарим нь “Хөдөөнөөс хотод эмчлүүлэхээр ирсэн иргэддээ хүртэл эл сангаас дэмжлэг олгох талаар судалбал яасан юм бэ” хэмээн “хадуурсан”. Үүнээс үзвэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төвөг чирэгдэл, тээг саадгүйгээр батлах дүр зураг харагдана.
Эрүүл мэндийн систем ингэж ажиллах ёсгүй
ЭМДС-гийн зорилго уг нь иргэдээ гадаадад эмчлүүлэх биш байв. Харин нийгмийн эрүүл мэндийн буюу өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрөн ажиллах байлаа. Олон улсад ч өвчнийг эмчлэх нь бус, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь илүү чухал гэсэн бодлого баримталдаг. Харин манайд урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ бүрэн орхигдчихоод байгаа гэхэд болно. Салбарын сайд нь хүртэл иргэдийн эрүүл мэндийг дэмжих бус, харин ч гадаадад эмчлүүлбэл улсаас мөнгө өгье гэж байгаа нь үүний жишээ юм.
Уг нь монгол иргэдээ гадаад руу явуулах бус, дотооддоо зардал чирэгдэл багатайгаар эмчлэх, цаашлаад өвчлөлийг бууруулах замаар эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг хөнгөлөх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл манай улс үүний эсрэг бодлогыг хуулийн түвшинд батлан хэрэгжүүлэхээр парламентаараа хэлэлцэж суугаа нь харамсалтай. Нөгөө талаар хулгай хэдийн нүүрлэсэн сангаа цэгцлээгүй байж эрх мэдлийг нь нэмж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх ёсгүй.