УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголдоо 175 хүнийг гэрчээр дуудсан. Тэдгээр эрхмийг “зөвхөн гэрчүүд” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцлоод буй. Аль 2020 оноос л нүүрсний хулгай ил далдаар яригдаж байсан ч газар аваагүй 2022 оноос хүчтэй яригдах болсон. Гэтэл “Нүүрсний хулгайч бол тэр” гээд зарлачихсангүй, судалж байна гэх нэрийдлээр бөөрөнхийлж, хэдхэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихээд сураггүй болсон.
Одоо ч сонсголд зөвхөн гэрчээр дуудаж байгаа гэх. Угтаа бол зарлах гэхээр Улсын их хурал нь задарчих гээд, хав дарах гэхээр сонгууль дөхчихсөн үед сөрөг хүчин, ард түмэнд бариулчих гээд, хэн хэнээрээ туг тахихаа тохирч ядаад, аргаа бараад буй.
Ингэж явсаар АН-руу сумаа чиглүүлэхээр шийдэв бололтой, гэрчийн дийлэнх нь ардчилсан намынхан байх нь тэр. Гэхдээ тэд ард түмнийг ямар мэдээлэлгүй, мэдлэггүй хэмээн басамжилсан бололтой. Хэрэгт яллагдагчаар татагдсан "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Хүний эрхийн үндэсний комисст хандан бичсэн захидалдаа “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар, түүний гар хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүхийн шийдвэрийн золиос болсоор удаж байна” хэмээн бичээд "хамгаалалт, баталгаа гаргаж өгөх"-ийг хүссэн. Мөн тэрбээр “Надтай холбоотой байж болох хүн баригдаж, хоригдож байгаа. Гэтэл яг шалгагдах ёстой хүмүүс нь сул байна” хэмээн онцолсон.
Үнэний ортой бололтой. Дээрх 175 нэрс дотор Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад худалдсан Ч.Хүрэлбаатар сайд, Хятадын компанид давуу эрх олгосон Б.Наранбаатар гишүүн, “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбат зэрэг жинхэнэ магнатууд алга.
Хамгийн сонирхолтой нь өөрсдөөсөө бусдыг хулгайчаар нь дууддаг Х.Мандахбаяр, Х.Сугир, Т.Алтансүх нар тус жагсаалтаас хоцорчээ. Тэднийг нүүрсний хулгайн хэрэгт хэрхэн холбогдсоныг цувралаар хүргэх болно.
Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж хашхирдгийн үлгэр буюу Х.Мандахбаяр
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг нийтэд зарласны нэг нь Х.Мандахбаяр. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын гол хамтрагчдын нэг.
Харамсалтай нь АТГ-аас шалгаж байна гэж зарлаад л одоог хүртэл сураггүй. Гэтэл Х.Мандахбаяр 2021 оноос тансаг зэрэглэлийн хаус хотхон, хороолол барьж эхэлсэн. Уг хорооллынх нь зах зээлийн өртөг нь хэдэн арван тэрбум давах гэнэ. Эндээс л бидний хардалт эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн олон компанитай “Эрхэт Монгол групп” үнэхээр ийм тансаг хаусуудыг хотхоноор нь барьж чадах хэмжээний Монголын топ компаниудын нэг үү, эсвэл хаусны хотхонуудаа нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн үү гэх асуулт гарч ирнэ. Ямартай ч 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн тоонд “Эрхэт Монгол групп” алга. Тэгвэл түүнийг хаус хотхоноо нүүрсний мөнгөөр санхүүжүүлсэн байх магадлалтай хэмээн бид хардах эрхтэй. Жижиг “Тавантолгой”-г буюу “Тавантолгой” ХК-ийг цөлмөсөн нь МАН-ынхан өөрсдөө. Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил, Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2004-2009 онд таван жил ажиллахдаа түрийвчээ түнтийлгэсэн. Энэхүү “бялуу”-наас нь хамтрагч Х.Мандахбаяр нь ч нэлээдгүйг хүртсэн хэмээн ойр хавийхан нь жиг жуг гэлцдэг.
Гэтэл Н.Наранбаатар, Х.Мандахбаяр хоёрын нэрийг нүүрсний хулгайчдын жагсаалтад оруулсан төдий зарласан болоод, хэргийг нь царцаачихлаа. Арванхоёрдугаар сарын 4-нд сүр дуулиантайгаар эхлэх нүүрсний хэргийн сонсголд оролцох гэрчийн нэрс дунд ч алга. Ийм байхад тус сонсгол үнэхээр үнэн зөв явагдах, эсэх нь эргэлзээтэй байна.