УИХ дахь АН-ын бүлгээс “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг парламентын удирдлагад өргөн барьж, мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн эл төслийг боловсруулжээ. Төсвийн тогтворжуулалтын, Ирээдүйн өв болон Хүний хөгжлийн санг өнгөрсөн хугацаанд байгуулж ирсэн ч эрх баригчид тэдгээрийг “Халамжийн сан” болгосон хэмээн тэд шүүмжлэв. Тус намаас “Өрийн дарамтгүй Монгол” аян зохион байгуулсан бөгөөд уг төсөлд иргэдийн саналыг тусгасан гэнэ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдөр Монголд иргэн нь биш, төр нь баян болчихлоо.
Дарга нар төрийн нэрээр тэдний боломжийг хулгайлж байна. Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр гэлтэй уул уурхайн компаниудыг хувьчлан, олон нийтийнх болгож өөрчилнө. Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34 хувь хүртэл бууруулахаар тусгалаа. Эдгээр төслийг нэгтгэсэн толгой компани байгуулахгүй. Нэг компанийн ашгаар нөгөөгийнх нь алдагдлыг нөхдөг өнөөгийн тогтолцоог өөрчилнө. Уул уурхайн баялаг нь улс төрчид халамж болгон тараадаг, элдэв амлалтдаа ашигладаг зүйл биш. Энэ бол ард түмний баялаг. Тиймээс төрийн өмчийн уул уурхайн компаниудыг хувьчлахдаа монгол хүн бүрд жил болгон өгөөжийг нь хүртээдэг давуу эрхтэй хувьцааг ард түмэндээ эзэмшүүлнэ. Ингэснээр ард түмэн уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, жил бүр хувьцаанаасаа ногдол ашиг авдаг болно” гэв.
Мөн иргэн тухайн жилдээ багтаан ногдол ашгаа аваагүй бол дараагийн жилд нэмэгдүүлэн олгохоор тусгасан байна. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг хуримтлуулж, дотоод, гадаадын хөтөлбөрүүдэд санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх корпорац байгуулах заалт бий аж. Сөрөг хүчний зүгээс “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхийг шаардах гэнэ.