Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Green house” гэсэн дөрвөн багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Голч өнцөг” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Улсынхаа нийслэлд амьдарч буй хэдий ч хотын төв рүү тоотойхон орж, нүд, сэтгэлээ баясгадаг хүүхэд Улаанбаатарт цөөнгүй. Тэдний амьдарч байгаа орчинд нь хүүхэд хөгжлийн болон сургалтын төв, номын сан, тоглоомын талбай, спорт заал гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар өдрийн од шиг ховор. Гэр, сургууль гэсэн ганцхан жимтэй. Энэ жимийг туулж, сургуульдаа ирж, очих нь ч зарим хүүхдэд маш бэрх аж. Өвлийн хүйтэнд гэгээ ороогүй байхад гэрээсээ гарч, нохой шуугиулсаар, мөстсөн гудамжаар халтирч бүдчин, машинд дайруулчихгүйхэн шиг сургуульдаа хүрдэг хүүхэд олон бий.
“Хамтдаа сурч хөгжих, хичээллэх газартай болбол гоё”
Энэ удаа бид хүүхдүүд хичээлээ тараад чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар сурвалжилсан юм. Бидний очсон эхний газар бол Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 137 дугаар сургууль. Энэ нь I-V ангийн сурагчид сурдаг бага сургууль юм. Хүүхдүүд V ангиа төгсөөд 155 болон 69 дүгээр сургуульд шилжин суралцдаг юм байна. Тус сургуульд харьяаллын дагуу 31, 32, 27 дугаар хорооны хүүхдүүд сурдаг бөгөөд ачаалал нь хоёр дахин нэмэгдсэн учир багш нарын өрөө, номын сан, урлагийн заалаа анги болгон тохижуулж, хичээллэх болжээ. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхан бидэнд “Чингис хаан” музей үзүүлсэн. Өөр музейд очиж байгаагүй” гэж ярих хүүхдүүд бол тус сургуулийн V ангийн сурагчид. Чөлөөт цагаараа юу хийдэг талаар тэднээс асуухад “Дулаан цагт бол сургуулийнхаа гадаах жижигхэн талбайн гулсуур, савлуураар тоглодог, өвөл чаргаар гулгаж, цасаар байлддаг” гэж дуу нэгтэй хариулав. Тэдний олонх нь өглөө сургуульдаа ганцаараа алхаж ирдэг аж. Харин Т.Энххүслэнгийнх Улаанхуаранд байдаг тул өглөө аав нь хүргэж өгөөд, ажилдаа явдаг гэлээ. Тэрбээр “Би өглөө 06.30 цагт сэрдэг. Заримдаа дүүтэйгээ таксинд суугаад сургуульдаа ирнэ. Дүү минь III ангид сурдаг. Бага дүү маань ээжтэй эмнэлэгт хэвтчихсэн учраас би хичээлээ хийчихээд, аавдаа хоол, цай бэлдэхэд нь тусалдаг” гэв. С.Гоомарал “Аав ээж хоёр минь ажилтай учраас өдөртөө дүү, бид хоёр л гэртээ байдаг. Орой 20.00 цагт ажлаасаа ирдэг. Миний дүү IV ангийн сурагч. Бид гэрээ цэвэрлэж, галаа түлчихээд даалгавраа хийдэг” гэлээ.
Сургуулийнх нь ойр орчимд тоглоомын болон спортын талбай байгуулах газаргүй бөгөөд эргэн тойронд нь гэр, байшин ярайх аж. Тус сургуулийн ойр хавьд дугуйлан, секц хичээллэдэггүй нь хүүхдүүдэд гунигтай байдаг гэнэ. Тэд цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтдаа сурч хөгжих, хичээллэх газартай болбол гоё гэцгээж байлаа. Цөөн тооны хүүхэд л сургуулийнхаа спорт зааланд сагсан бөмбөгийн бэлтгэлд хамрагддаг байна. Тус сургуулийн бага ангийн багш Г.Нурмаа “Сурагчдын маань сурч хөгжих эрх нь сургуулийн багтаамж, зай талбайгаас болж зөрчигдөж байна. Чөлөөт цагаараа хамрагдах дугуйлан, секц байхгүй. Номын сангийн зай талбай хомс учир хүүхдүүд суух гуравхан ширээ л багтдаг. Багш нар өөрсдөө шатар, даам зэрэг дугуйлан хичээллүүлэх гэхээр сул анги олддоггүй тул 30 минут хэртэй л заасан болдог.
Манай сургуулийн ойр орчимд хүүхэд хөгжлийн төв байгуулагдаасай гэж хүсэж байна. Гэр хороололд амьжиргааны түвшин доогуур болохоор хувийн дугуйлан, секц ч хичээллэдэггүй. Цайны газар, хүнсний мухлагаас өөр гялтайх зүйл алга” гэв. Тус сургуулийн захирал Ц.Буйданбаатар “Манай сургуулийг анх 2016 онд нэг ээлжид 180 хүүхдийн хүчин чадалтай барьсан ч энэ хичээлийн жилд 689 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Суралцагчийн тоо эрс нэмэгдсэн ч сургалтаа хоёр ээлжид барихын тулд багш нарын өрөө, номын сан, урлагийн заалаа чөлөөлсөн. Гэр хороолол дунд хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, хөгжлийн төв байхгүй. Өнгөрсөн жилээс манай сургуулийн хажууд уран зургийн хувийн дугуйлан хичээллэх болсон. Айлын хашаа, байшин түрээсэлж, сургалтаа явуулдаг юм билээ.
Хэдийгээр орчин нөхцөл нь тухтай биш ч хүүхдүүд ихэд сонирхож, хамрагдаж байна. Хүмүүс хувиараа спортын секц, дугуйлан хичээллүүлье гэж бидэнд ханддаг ч үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй” гэв. Тус сургуулийн барилгын суурийг тойруулаад хашаа хатгачихсан учир гадаа нь талбай байгуулах боломжгүй юм билээ. Автомашины зогсоолгүй, төвийн шугамд холбогдоогүй, цахилгаанаар халаалтаа шийдсэн, бохироо соруулдаг, усаа зөөж хэрэглэдэг ажээ. Англи хэлний хичээл нь ороогүй тул эрт тарсан 5в ангийн хэсэг сурагч гэртээ харихаар автобусны буудал руу алхлаа. Сургуулийн автобус нь эвдэрсэн учраас нийтийн тээврээр зорчино гэв. Автобус ирэхгүй хүүхдүүдийг багагүй хүлээлгэв. Харин ангийнх нь зарим хүүхэд номын сан сулрахаар даалгавраа хийнэ гээд сургуулийнхаа үүдэнд үлдсэн юм. Чих, хацар нь улайж, даарсан ч гэлээ сурах чин хүсэл мөрөөдөлтэй тэдэнд боломж олговол ихийг хийж бүтээхээр санагдана.
Захын нэг сургуулиар ороход л хүүхдийн сурч хөгжих эрх ийнхүү зөрчигдөж байна. Гэр хорооллын, тэр дундаа алслагдсан сургуулиудын зовлон яг ижил. Тэр ч бүү хэл, хотын төвд ч ялгаагүй хүүхдүүдийн сургуульдаа хүрэх зам аюултай, хичээлээ тараад цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх газар ховор. БШУ-ы сайдаас нь эхлээд эрх бүхий хүмүүс “Хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль” гэж ярьдаг шигээ гэр, сургуулийнх нь орчимд хүүхдийг бүхий л талаар хөгжүүлэх газар бий болгох нь чухал байна.
“Найзуудтайгаа ярилцаж суух тухтай газар ч олддоггүй”
“Би өнгөрсөн жилээс эхлэн морин хуурын сургалтад явж байгаад энэ намраас больсон. Миний хамрагдсан хөгжмийн сургалтын төв 13 дугаар хороололд байрладаг учраас үдээс хойш ирж, очихдоо 4-5 цаг зарцуулдаг. Аав, ээж минь “Өвөл түгжирч, оройтсоор бүрэнхийд гэртээ ирэх юм байна, ядрахын нэмэр. Хичээлүүдийнхээ даалгаврыг ч хийж амжихгүй нь” гэж ярилцаад, намайг зунаас дахин хамруулахаар болсон. Тэр хүртэл гэртээ сургуулилалтаа хийнэ. Сурсан зүйлсээ мартчих вий гэж эмээж байгаа. Гэр, сургуулийнхаа ойролцоо морин хуур заадаг сургалтын төв хайгаад олоогүй. Манай сургууль хөгжмийн багштай ч урлагийн үзлэг, шинэ жил, ангиудын хоорондох уралдааны үеэр л бишгүүр, ёочин тоглодог цөөн хэдэн хүүхдийг дасгалжуулж, бэлтгэдэг. Морин хуур заадаггүй. Хөгжим сонирхож эхэлж байгаа над шиг хүүхдүүдэд зориулсан хичээл байхгүй. Нэг хэсэг волейболд дурлаж байгаад морин хуурын сургалтад хамрагдсан үеэсээ тоглохоо больсон. Хөгжим тоглодог хүний гар уян зөөлөн байх ёстой гэсэн ээжийнхээ шахалтаар бөмбөгнөөс хөндийрсөн. Гэрийнхэн минь намайг зааланд тоглуулах дургүй. Зааланд волейбол тоглоно гэхээр “Хүүхдүүдтэй нийлж тэнэлээ” гэж загнадаг. Гэхдээ би морин хуурт илүү дуртай. Одоо чөлөөт цагаараа юу хийвэл үр дүнтэй байх вэ гэж бодсоор л байна...”. Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах, ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн IX ангийн сурагч Э ингэж ярилаа.
Монгол үндэсний хөгжмийг дэлхий дахинд сурталчилж, өөрсдийн гэсэн өвөрмөц илэрхийлэл, өнгө төрхийг бий болгоод буй “Хөсөгтөн”, “Хү” зэрэг хамтлагийн уран бүтээлч залуусаар дамжуулан морин хуур хөгжимд дурласан хүү “амьдралын эрхээр” ийнхүү хоббигоороо тууштай хичээллэх боломжгүйд хүрчээ. Тэрбээр үүний шалтгааныг Улаанбаатарын зутруу өвөл, авто замын түгжрэлтэй холбож тайлбарласан ч жинхэнэ бэрхшээл нь хөгжмийн сургалтын төв хүртээмжгүй байгаагаас л үүдэлтэй. Бүр цаашилбал манай улсад хүүхэд, залуус амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, төрөлжсөн сургалтын төв хангалтгүй байдагтай холбоотой. Хэрэв түүний амьдардаг газарт үндэсний хөгжим заадаг сургалтын төв байсан бол, магадгүй сургууль нь энэ чиглэлийн дугуйлантай бол хүү түгжрэл, хүйтэн, автобусны хүрэлцээ зэрэг асуудалд санаа зовохгүй хөгжмөөрөө тууштай хичээллэх байв. Сургалтын төвийнх нь багш Э-д онлайнаар хичээл заах санал тавьсан ч эцэг, эх нь үр дүнгүй гэж үзжээ. Түүний амьдардаг “Алтаргана” хотхон болон сургуулийнх нь ойр орчимд гял цал барилга, худалдаа, үйлчилгээний газар олон ч хүүхдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг нь тун ховор гэнэ. Тиймдээ ч хөгжимд дурлагч хүү хүсэл сонирхлоо хязгаарлуулж, байгаа орчин нөхцөлдөө тохируулах гэсэн шиг “Одоо чөлөөт цагаараа юу хийвэл болох бол” хэмээн бодлогоширч сууна.
Улаанбаатар хотод орон сууцын хотхон, хороолол олшрох тусам хүүхдийн гэх орон зай хумигдаж байгааг Хан-Уул дүүргийн гуравдугаар хороотой залгаа орших Баянгол дүүргийн 24 дугаар хорооноос харж болно. Тус хороо 11 мянга гаруй хүн амтайгаас 3000 орчим нь хүүхэд гэнэ. Харамсалтай нь, хүүхэд багачуудад зориулсан сургалтын болон хөгжлийн төв, тоглоомын газар, тэр байтугай сургууль, цэцэрлэг ч хүрэлцээгүй байдаг талаар оршин суугчид нь ярьж байна. “Алтай” хотхоны оршин суугч Н.Баярсайхан “Нийслэлийн хамгийн шигүү суурьшилтай, олон барилга, байгууламжтай нь энэ хэсэг боловч хүн ая тухтай амьдрах нөхцөл хамгийн ихээр алдагдсан. Хүүхдийн гэх зүйл юу ч байхгүй. “Тоглоомын талбай, спорт заал нь байг гэхэд хүүхдүүд аюулгүй зорчих зам бий болгоод өгөөч” гэж эндхийн оршин суугчид барилгын компаниас гуйж байна. Улсын сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйгээс эцэг, эхчүүд хүүхдээ өөр хаягт бүртгүүлэн харьяаллын бус газруудад хамруулдаг. Зарим нь аргагүйн эрхэд хувийн, төлбөр өндөртэй сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулж байгаа. Орон сууц болгоны нэгдүгээр давхарт хүнс, ахуйн барааны дэлгүүр, эмийн сан хэд хэдээрээ үйл ажиллагаа явуулдаг. Үүн шиг байр болгонд хүүхдэд зориулсан ядаж ганц үйлчилгээний газар байвал их зүйл өөрчлөгдөнө” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
“Хурд”, “Алтай” хотхоны хүүхдүүдийг хамруулдаг 73 дугаар сургуулийн VIII ангийн хоёр сурагчтай уулзаж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар нь ярилцлаа. Тэд “Чөлөөт цагаараа заал авч сагс, волейбол тоглох, найзуудтайгаа ярилцах, сонирхолтой сэдвээр үзэл бодлоо хуваалцах дуртай. Даанч ярилцаад суух тав тухтай орчин байдаггүй. Сургуулийн хонгилд цуглахаар үймүүллээ, шуугилаа гээд хөөчихдөг. Кофе шопт орохоор заавал ямар нэг үйлчилгээ авах хэрэгтэй болно. Байнга мөнгөтэй байдаггүй учир хааяа нэг л үйлчлүүлдэг. CU, GS25 зэрэг дэлгүүрт хооллонгоо найзуудтайгаа ярилцаж, утсаа цэнэглэж, видео тоглоом үзэх нь их. Тэндхийн худалдагчид нь найрсаг, үйлчлүүлж байгаа хүмүүст муухай зан гаргадаггүй ч олон хүн орж ирсэн үед бид гарахаас аргагүй болдог. Найзуудтайгаа хамт хичээлээ хийдэг, ярилцаад суудаг, гоё бүтээлч ажлууд хийдэг газар хэрэгтэй байна. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт зураг зурж, гар урлалын бүтээл хийнгээ яриа өрнүүлэх боломжтой газрууд байдаг ч бүгд төлбөртэй. Автобус, хоолны зардлаа эцэг, эхээсээ өдөр тутам авдаг бидэнд ийм зүйлд илүүчлэх мөнгө гардаггүй. Мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй, хүүхэд болгон үйлчлүүлэх боломжтой, тухтай орчныг сургууль болгонд бүрдүүлээсэй гэж хүсдэг. Сургуулийн заал бидэнд тийм ч нээлттэй биш. Биеийн тамирын хичээлийн цаг болон тэмцээний үеэр л нээлттэй байдаг. Найзуудаараа нийлээд өөр газарт заал түрээслэхэд цаг нь 50-120 мянган төгрөгийн ханштай. Гурван цаг заал авахын тулд 200-300 мянган төгрөг хэрэгтэй. Дулааны улиралд “Өргөө”, “Тэнгис”-т кино үздэг. Өвөл гэр, сургууль гэсэн маршрутаар л өдрийг өнгөрөөж байна” гэв.
Хан-Уул дүүргийн гурав, Баянголын 24 дүгээр хороо бол хотын төвийн бүсэд тооцогддог газар. Гэтэл тухайн бүсэд амьдардаг хүүхдүүдэд хөгжиж дэвших, сурч боловсрох хэрэгцээг нь хангах газар хангалтгүй байна. Сурагчдын ярианаас ч энэ нь харагдана. Сургууль, цэцэрлэгт явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг нь хүүхдийн наад захын хэрэгцээ. Гэтэл энэ хэрэгцээ нь ч бүрэн хангагдахгүй байгааг тэд хэллээ. Ямар сайндаа л “Найзуудтайгаа ярилцаад суух тухтай газар олддоггүй” хэмээн өсвөр насны сурагчид “гомдоллох” вэ дээ. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийх, тэдэнд өөрсдийн гэсэн орон зайг бий болгох, сурч боловсрох, хөгжиж дэвших боломжийг бүх талаар бүрдүүлэх нь манай улсын тулгамдсан гол асуудал болжээ. Наанадаж Хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд буй 12.7 тэрбум төгрөгийг ийм ажилд зарцуулж, хүүхдийн хөгжил, боловсролыг бодитоор дэмжих эхлэлийг тавих шаардлагатай юм. “Хүүхэд багачуудын төлөө бүхнийг хийнэ” хэмээн сайхан амлалт өгч, шилний цаанаас чихэр долоолгож суухын оронд хэрэгцээ шаардлагатай газар нь ганц номын сан ч болов бариад өгвөл хэчнээн өгөөжтэй, үнэ цэнтэй байх бол.