Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах явцад сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас сүүлийн үед батлан хамгаалахын салбарт тулгараад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон салбарын сайдад хэрхэн хариуцлага тооцохыг тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Цэргийн ангиудад шалгалт хийх ажил явагдаж байна. Олон нийтийн тавьж буй шаардлагатай Засгийн газар санал нэг байна. Цэргийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, илүү чадварлаг цэргийн байгууллагатай болох тал дээр бид анхаарал хандуулж ажиллана.
Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай учир цэрэг, арми, хилийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж, байх шаардлагатай төсвийг хангалттай суулгаж чадаагүй явж ирсэн нь өнөөдрийн дүр зургийг бий болгож байгаа гэдэгтээ бид санал нэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, цаашдаа цэрэг армийн бэлэн байдал, нөхцөл хангамж нь сайжрах тал дээр Засгийн газар анхаарч ажиллана.
Ямар учир шалтгаанаас болж нөхцөл байдал үүссэнийг эцэслэн тогтоогоогүйгээр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт гэж ойлгож болно. Сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн, үгүйг харгалзан үзэхгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог асуудал олон байсан. Цаашид уг асуудлыг аль ч түвшинд бодолцохгүй бол төрийн тогтворгүй байдал бүх түвшинд алдагдах аюул ирж байна.
Олон нийтийн шүүмжлэлийг бид хүлээж авч байх ёстой, гэхдээ бодитоор хандах зарчмыг баримтална.