БНХАУ-д уушгины хатгалгаа өвчний тархалт эрс ихсэж, ялангуяа хүүхдүүд өвчлөн, эмнэлгүүдийн ачаалал хэтэрснийг олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн билээ. Манай улстай хил залгаа, монголчууд олноор зорчдог хотуудад уг өвчлөл бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай улс ямар нэгэн арга хэмжээ авч байгаа, эсэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өчигдөр мэдээлэв. Тус төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа “БНХАУ-аас энэ сарын 23-нд шинэ төрлийн вирус илрээгүй, микоплазмын шалтгаант хатгалгааны тархалт ихэссэн гэж ДЭМБ-д мэдээлсэн. Үүний зэрэгцээ улирлын чанартай, амьсгалын замаар тархдаг бусад өвчин ихэссэн гэх мэдээллийг өгсөн байна. Тус улс цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтуудаа бүрэн цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн гэж тайлбарлажээ. Микоплазмын шалтгаантай хатгалгаа нь шинэ төрлийн өвчин биш.
Үүгээр насанд хүрэгчид хөнгөн хэлбэрээр өвчилдөг. Харин тав хүртэлх насны хүүхдүүд өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр” гэв. Энэ өвчин урд хөршид тархсан хэмээн мэдээлсэн даруйд ХӨСҮТ дотооддоо хоёр удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн гэнэ. Тэдгээрийн үр дүнд эрсдэл дунд зэрэг түвшинд байгааг тогтоосон аж. Үүнтэй холбоотойгоор тандалт судалгааны ажлыг идэвхжүүлж, нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж байгааг дээрх төвийнхөн мэдээлэв. Микоплазмын шалтгаант уушгины хатгалгааны үед ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрдэг гэнэ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 5.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Эл үзүүлэлт 10 хувиас давахад нөхцөл байдал хүндэрлээ гэж үздэг. Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандсан хүмүүсийн олонх буюу 84 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд аж.
Бэлтгэсэн: М.Оч