Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) нурууны дурангийн мэс заслыг эмчилгээндээ нэвтрүүлжээ. Тус төв нурууны дурангийн аппарат болон мэс заслын багаж, тоног төхөөрөмжтэй болсноор уг шинэ эмчилгээг хийж эхэлсэн аж. Үүний хүрээнд Нурууны мэс заслын тасгийн эмч нар нь нурууны нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс засал амжилттай хийсэн байна. Мэс заслын багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, их эмч Б.Баттөгс, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нурууны мэс заслын их эмч Т.Дэлгэрхүү нар багтжээ. Үений дурангийн хамгийн сүүлийн үеийн уг технологийг мэс засалд ашиглаж эхэлснээр өвчтөнийг шарх болон зовуурь багатайгаар эмчлэх боломж бүрдэж буй юм. Мөн эмчлүүлсэн хүний хөдөлмөрийн чадвар богино хугацаанд сэргэх давуу талтай юм байна.
Бэлтгэсэн: М.Оч