УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж, хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.
Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүдээс нийгэмд тулгамдаж байгаа мал аж ахуйн өвөлжилт хүндэрч буй асуудал, бензин шатахууны хангамж нийлүүлэлт, махны нөөц, эрчим хүчний хангамж, өвөлжилтийн бэлэн байдлын асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох санал гаргасан. Иймд энэ долоо хоногийн пүрэв гарагийн үдээс хойш дээрх асуудлуудаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор боллоо.
Хоёрдугаарт, хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хавдрын шалтгааныг багасгах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ХСҮТ-ийн мэдээллийг сонслоо” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Төсөв хэлэлцэж байх үеэр Хавдрын эмнэлгийн барилгын өргөтгөл, шинэ барилгын асуудлыг олон нийтээс шахаж, шаардаж ажилласан. Өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн эрт илрүүлэх үзлэгийг орон даяар идэвхтэй явуулсан. Үүнтэй холбоотой хорт хавдрын эрт илрүүлэг хэр сайжирсан, хэр өгөөжтэй байсан асуудлаар ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын 2020 оны шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор хорт хавдрын тусламж үйлчилгээ, төвлөрлийг сааруулах чиглэлд орон нутагт ямар боломж бүрдсэн, хэрэгжилт ямар байна гэдгийг хөндөж ярилаа. Мөн Монгол Улсад тохиолдож байгаа үндсэн таван төрлийн хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд бид цаашид ямар чиг баримжаатай ажиллах ёстой вэ гэдэг мэдээллийг гишүүдэд өглөө” гэв.