Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган“-ыг зохион байгууллаа. Манай улсын эмнэлзүйн салбар дахь ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд аймаг, дүүргийн 100 орчим эмч, мэргэжилтэн оролцсон. Эмнэлзүйн ховор тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн салбарын заавал оношилж, эмчлэх шаардлагатай өвчнүүдийн нэг. ДЭМБ-аас 2023 онд гаргасан тодорхойлолтоор 100 мянган хүн амд 65-аас доош тохиолдож байгаа ба Европын Холбооны улсад 100 мянган хүнд 50-иас доош, АНУ-д 60-аас доош буюу 0,05-0,65 хувьд нь илэрдэг өвчин эмгэгийг ховор тохиолдол хэмээн үздэг. Одоогийн байдлаар дэлхий нийтэд 300 сая орчим хүн эмнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилж, оношлогдсон байна. Эдгээр өвчний 70 хувь нь генийн буюу удмын шалтгаантай. Үүнээс гадна гуравны хоёр нь хүүхдэд тохиолддог бөгөөд эмнэл зүйн ховор тохиолдлын эмчилгээ нь төвөгтэй, 95 хувьд нь эмчилгээ байдаггүй. Харин эмнэл зүйн ховор тохиолдлыг оношлох, илрүүлэх тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Энэ удаагийн чуулганд шилдэг 20 илтгэлийг шалгаруулсан ба аман илтгэлийн төрөлд тэргүүн байранд Маскарад шинж тэмдэгт системийн буллёз пемфигойд (bullous pemphigoid) Т.Ариунболд, Б.Энхмандах - Орбита нүдний эмнэлэг, дэд байранд COVID-19 -ийн шалтгаант каролигийн өвчинд амьд донороос элэг шилжүүлэн суулгуулсан тохиолдол Г.Анар, Б.Сумъяа, Э.Маргад-Эрдэнэ - УНТЭ-Гастрэнтерологийн тасаг-Элэг шилжүүлэн суулгах төв, гутгаар байранд Остеосарком сэжиглэгдсэн монгол эрэгтэйд poems хамшинжийг оношилсон анхны тохиолдол Г.Чинбат , А.Нансалмаа, С. Мядагсүрэн, Д.Булган - УНТЭ-Цусны эмгэг судлал- чөмөг шилжүүлэн суулгах төв шалгарлаа. Ханан илтгэлийн төрөлд тэргүүн байранд Perivascular epithelioid cell tumor /PEComas/ Б.Эрдэнэцэцэг, Д.Бямбасүрэн, Ш.Бүжинлхам, Н.Нямбаяр, Г.Амарсайхан, Б.Дашням, Д.Нямсүрэн – УНТЭ-Дүрслэл оношилгооны төв, УНТЭ-Урологи-Андрологийн төв, дэд байранд Мембранопролифератив гломерулонефрит 1-р хэлбэр оношлогдсон эмнэлзүй тохиолдол Ж.Түвшинбаяр, Б.Соёл-Эрдэнэ – УНТЭ-Бөөрний төв, гутгаар байранд Менингитийн үеийн бөөрний дээд булчирхайн цус алдалтыг мэс заслаар эмчилсэн тохиолдол (Waterhouse-Friderichsen синдром) Б.Ганзориг, Ю.Чинбат, А.Анхболор, Б.Батмөрөн, Н.Өлзий-Орших, Б.Ханддарь, М.Баярмагнай - УНТЭ-Ерөнхий мэс заслын тасаг, ЭЭСНЛ шалгарав. Чуулганы үр дүнг шүүгчдийн дүгнэлтэд үндэслэн оролцогч, сонирхогчдын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад бүрэн хамруулах, Монголд тохиолдсон ховор өвчин, эмгэгийг бүртгэж, олон улсын тавцанд таниулах үйл ажиллагааг зохион байгуулж, улам хөгжүүлж ажиллахаар цаашдын зорилгоо тодорхойлсон байна.