Үндсэн хуулийн 48.1 дэх хэсэгт 2019 онд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээх нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд нийцүүлэн боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уржигдар Засгийн газар ээлжит хуралдаанаараа хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн барихад бэлэн болсныг зарлав. Гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс эл төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх чиглэл өгсөн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр УИХ-ын даргад уламжиллаа. Үүнтэй хамт тэрбээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж, мөрдөх, Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.
Ийн ард түмний нэр барин “уянгалж”, “улс төрийн шийдвэр” хэмээн уухайлж байгаагаас харвал Шүүх байгуулах тухай хуулийн төслийг шуурхай, бүр нэн яаралтай хэлэлцүүлэхээр адгаж буй нь Ардын намынхны хувьд сонгууль угтсан үйл ажиллагаа гэж хардахад хүргэв.
Мөн Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, Зөрчил шалган шийдвэрлэх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулснаа хүлээлгэн өглөө.
Сүүлийн үед харилцаа нь хүйтэрч, “хонь, чоно хоёр болчихсон” мэт ойлгогдохдоо тулаад буй гүйцэтгэх, шүүх засаглалынхны хооронд өрнөж байгаа эл үйл явц өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Ингэхдээ Засгийн газрын зүгээс Шүүхийн тухай хуулийн 71.1.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоох, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах саналыг боловсруулан, Улсын дээд шүүхтэй зөвшилцөн, Засгийн газарт уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасны дагуу бэлтгэсэн төслийг өргөн барих гэж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд уламжиллаа. Харилцан хяналттай, харилцаа нь тэнцвэртэй байх ёстой засаглалуудын хоорондох үйл ажиллагаа тул Засгийн газар шүүмжлэлээс зай барьж, “Энэ төслийг бид биш, шүүхийнхэн өөрсдөө боловсруулсан шүү” гэж хэлж байгаагаас өөрцгүй хэрэг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын танилцуулснаар хялбар хэргийн буюу зөвшөөрлийн, гэр бүл, хүүхдийн болон авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхийг уг хуулиар байгуулах гэнэ. Гэр бүл, хүүхдийн асуудлаарх шүүхийн үйл ажиллагааг 2026 оноос эхлүүлэхээр төлөвлөж, тэр хүртэл хүний нөөц, жишиг болохуйц байрыг нь бэлдэх аж. Харин авлигын хэргийн шүүхийг байгуулах хүртэл энэ төрлийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхгүй байхаар тус төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хоёр шатаар буюу давж заалдах шатны шүүх анхан, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх нь. Энэ тухай сайд Б.Энхбаяр “Ийм хэргүүдийг шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэнэ гэсэн үг. Улмаар Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авлига, албан тушаалын хэргийг эцэслэн шийдвэрлэдэг болох юм. Ингэхдээ Дээд шүүх хэргийг бүхэлд нь хянана. Өөрөөр хэлбэл, зөвхөн хууль хоорондын зөрчилдөөний агуулгаар биш, ер нь бүхэлд нь хянаж, шийдвэрээ гаргадаг болох гэж байна. Сүүлийн үед энэ төрлийн хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэрүүд иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэл, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг саармагжуулах, үнэгүйдүүлэх, авлигачид ял завшихад хүргэж байна. Тиймээс авлига, албан тушаалын хэрэгтэнд эцсийн ял, шийтгэлийг оноох бодлогыг Дээд шүүх тодорхой хугацаанд хэрэгжүүлнэ. Ард түмэнтэйгээ хамт хянана” хэмээгээд, үүнийгээ “улс төрийн шийдвэр” гэж тодорхойлсон юм.
Ийн ард түмний нэр барин “уянгалж”, “улс төрийн шийдвэр” хэмээн уухайлж байгаагаас харвал Шүүх байгуулах тухай хуулийн төслийг шуурхай, бүр нэн яаралтай хэлэлцүүлэхээр адгаж буй нь Ардын намынхны хувьд сонгууль угтсан үйл ажиллагаа гэж хардахад хүргэв. Манайд авлига хавтгайрсан, бүр хэтэрхий газар авчихсан. Ардын намынхан сүүлийн найман жилийн турш эрх барихдаа үүний эсрэг ажилласан гэх ч ахиц гарсангүй. Адаг сүүлд нь авлигын шүүх байгуулах “мэргэн” санаа олсон нь энэ. Үр дүнгүй шахам ажилласан ч өнөөгийн эрх баригчдын “авлигын эсрэг” гэх тэмцлийг нь үүгээр үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү сонгууль дөхсөн энэ үед авлигын шүүх байгуулан улс төрчид бие биеэ, одоогийн нөхцөлд эрх баригчид АН тэргүүтэй сөрөг хүчнийхэн, өрсөлдөгчдөө намнах, өөрсдийнхөө хууль бус үйлдэл, хахууль, авлигыг нууж, бүдгэрүүлэн, ял завших “цоорхой” гаргах гээд байгаа юм биш биз асуумаар байна. Хуульч Х.Тэмүүжин энэ тухайд “Энэ хуулийг баталбал “шударга бусын хонгил”-оос бүр богино хугацаанд шийдвэр гаргана. Сонгуулийн өмнө өрсөлдөгчөө онилсон тодорхой хэргийг шийдэх чиглэлийг шүүхэд өгдөг болно. Улс төрийн захиалгаар, хүссэн пиарыг нь хийдэг газар нь шүүх болж хувирна” хэмээн анхааруулсныг тэмдэглэе.
Мөн эрх баригчид эл төслийг боловсруулах үндэслэлийг тайлбарлахдаа юуны түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2021 онд гаргасан зөвлөмжийг эш болгож буй. Тус байгууллагын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэргийн бие даасан, дагнасан шүүх байгуулахыг олон улсын хэмжээнд зөвлөмж болгосон гэж байгаа ч өнгөрсөн оны байдлаар 20 гаруй орон ийм шүүх байгуулжээ. Хамгийн сүүлд буюу 2021 онд Армени улс авлигын шүүхтэй болсон байна. Харин 1979 онд Филиппинд байгуулсан нь энэ төрлийн анхны шүүх аж. Гэхдээ тэдгээр улс дагнасан шүүхтэй болсон ч авлига буураагүй гэх судалгаа бий.
Нөгөө талаас Үндсэн хуулийн 48.1 дэх хэсгийн заалтаар шүүхийг зөвхөн эрүү, иргэн, захиргааны хэргийн гэсэн гурван төрлөөр л дагнан байгуулж болно хэмээн хуульчдын зарим нь тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд тусгасан шиг дагнасан шүүхүүд байгуулах боломжгүй, Үндсэн хуультай зөрчилдөнө гэж үзэж байгаа юм. Тухайлбал, ийм үндэслэлийг сөрөг хүчний зүгээс тавьж буй бөгөөд үүнийг эрх баригчид мэдэж байгаа, зориуд Үндсэн хуулийн зөрчил гаргаж, сонгуулиар өрсөлдөгчөө намнах нь гэж хардсанаа нуусангүй. Үндсэндээ авлигын шүүх байгуулах хүртэл эрх баригчид дураараа дургих хууль, эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлж, сонгуулиар буюу ирэх хавар хүртэл түүнийхээ дагуу ажиллаад, дараа нь Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулан дээрх заалтыг хүчингүй болгохыг үгүйсгэхгүй гэв. Үнэхээр ч авлигын хэргийн шүүхийг байгуулах хүртэл давж заалдах шатны шүүх анхан, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар ажиллахаар байгаа нь туйлын тодорхойгүй нөхцөл үүсгэж мэднэ. Тухайлбал, гэр бүл, хүүхдийн асуудлаарх шүүхийн үйл ажиллагааг 2026 оноос эхлүүлэхээр тус хуулийн төсөлд тусгаж, хүний нөөц, байрыг нь хоёр жилийн хугацаанд бэлдэнэ гэж тооцсон атлаа авлигын хэргийнхийг ингэж үлдээсэн нь эргэлзээ дагуулж байна.
Улмаар энэ хугацаанд, тийм гэхийн аргагүй тодорхойгүй нөхцөлд Дээд шүүхийн эрх мэдэл үлэмж нэмэгдэхээр байгаа нь эрсдэлтэй. Шуудхан хэлбэл, АТГ-т шалгаж байгаа хэргүүдийг Дээд шүүхэд төвлөрүүлж, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох эрхтэйн хувьд Ерөнхийлөгчийн нөлөө илт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эцэст нь хэдхэн хоногийн өмнө манай улсад ажиллаж, хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд хийсэн урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан НҮБ-ын тусгай илтгэгч “Шударга ёсны тогтолцооны бат бөх байдал нь олон нийтэд найдвартай, хууль ёсны, үр дүнтэй гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс хамаарна. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаа нь шүүх засаглалд итгэх итгэл тааруухан байгааг илтгэж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс шүүх рүү дайрч байгааг сонсоод их эмзэглэсэн” хэмээн онцолсныг сануулъя.