Улаанбаатар хот утаанаасаа мөд салахгүй нь. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон түүний багийнхныг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гавьтай зүйл хийнэ гэж харалтгүй, хүлээлтгүй юм байна. Засгийн газраас ч дорвитой шийдэл, үр дүн хүлээгээд нэмэргүй бололтой. Учир нь хотын удирдлагын баг нийслэлийн гэр хорооллынхонд зуух тарааж, утаатай тэмцэхээ албан ёсоор зарлачихлаа. Өнгөрсөн даваа гарагт болсон, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр тэд энэ төлөвлөгөөгөө танилцуулж, “Утааг бууруулах чиглэлээр богино хугацаанд хэрэгжүүлэх хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллынхны зуухыг шинэчлэх” хэмээн ярьжээ.
Санаачилсан ажлаа танилцуулсан нь саяхан болохоос хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэдийн боловсруулаад, замаа засчихсан юм байна. Үүний дагуу давхар шаталттай, агаар бохирдуулагч хорт бодисыг өндөр түвшинд шүүдэг, хэрэглээний ая даах бат бөх, шилдэг, “шидэт зуух”-ны эрэлд ч гарчээ. Эрснээ олчихвол түүнийгээ гэр хорооллынхонд хугацаа алдалгүй тараах гэнэ. Энэ бүхэн нь Улаанбаатар хот утаа хэмээх ужиг асуудлаа мөддөө шийдэхгүй нь гэсэн бэлгэгүй бодлыг эрхгүй төрүүлэв.
Зуух тараах санаачилга нийслэлчүүдийн хувьд шинэ зүйл биш. Улаанбаатарын утаа иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлэл учруулж эхэлсэн үеэс улс төрчид агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөндөө зуух, халаагуур тараах ажлыг багтаасаар өдий хүрэв. Үүх түүхийг нь сөхөөд үзвэл агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг, зорилтот бүлгийн айлуудад нэгдсэн журмаар зуух тараадаг явдал тэртээ 2002 оноос эхлэлтэй юм байна. Тухайн үед Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 15 мянган өрхөд утаа гаргадаггүй, түлшинд хэмнэлттэй гэх зуухыг 44 700 төгрөгөөр нийлүүлж байж. Сайжруулсан, утаагүй гэх элдэв тодотголтой зуух тараах кампанит ажлыг энэ үеэс хойш тодорхой бүс, дүүргийн хэмжээнд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэсэгчлэн өрнүүлсээр ирсэн нь 2012-2016 онд эрчээ авчээ. Энэ үед “Улаанбаатар цэвэр агаар” төслөөр дамжуулан нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхөд “Номин”, “Дөл”, “Жижиг дөл”, “Өлзий”, “Оч”, “Хас”, “Векас 107”, “Голомт”, “Чин” хэмээх нэртэй, утаагүй гэх тодотголтой зуухыг тараасан юм.
“Утаагүй” зуух моод болж байх үед Турк улсаас импортолсон “Өлзий”, “Хас”, Хятадад үйлдвэрлэсэн “Голомт”, “Дөл” зэрэг нь нүүрснээс ялгардаг хорт бодис, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрыг 70-90 хувиар бууруулдгийг лабораторийн шинжилгээгээр тогтоосон гэх сурталчилгаа, мэдээлэл газар авч, энэ төрлийнхийг түлхүү тараасан учир нэр нь өдгөө ч монголчуудын цээжинд хадаатай үлджээ. Хамгийн сүүлд 2017 онд С.Батболд хотын дарга байхдаа зорилтот бүлгийн 4700 өрхөд сайжруулсан түлш, зуух тараах санаачилга гаргасан нь олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулж, бүтэлгүйтсэн байдаг. Үндсэндээ нийслэлчүүдийн “утаагүй” зуухтай нөхөрлөсөн түүх 20 гаруй жилээр хэмжигдэж байна. Хүнээр бол нас биед хүрэх дайны хугацааг зуухны туршилтад зарцуулжээ.
Утааг бууруулах зорилгоор тараасан зуухнууд нь “хөгжлийн есөн үе”-ээ даваад, хиймэл оюун ухааны үетэй золгочихлоо. Гэвч бидний тархинд зуухнаас өөр шийдэл санаа төрөхгүй байгаа нь монголчууд техник, технологийн үсрэнгүй хөгжлийн гэгдэх шинэ эрин үеэс хэр хоцрогдсоныг харуулж байна.
Хамгийн харамсалтай нь, энэ бүхнээс нийслэлчүүд үр дүн хүртэж чадаагүй, хотын утаа огт буураагүй нь бодит үнэн. Улаанбаатар өнөөдөр ч дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тоонд багтаж, нийслэлчүүд эрүүл мэнд, амиараа хохирсоор буй. Харин агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр хэрэгжүүлсэн бүтэлгүй ажлуудын тоог нэмж, төсөвт их хэмжээний дарамт учруулан, төсөл, хөтөлбөрөөр ашиг хонжоо ологчдод баахан боломж л олгосон. Тиймдээ ч нийслэлчүүд “утаагүй” зууханд итгэхгүй. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор цэцэглэсэн бизнесийг дэмжиж, өмнөх алдаагаа давтах гэсэн шиг хоёр арван дамнан үргэлжлээд бүтэлгүйтсэн ажлыг дахин сонгож, олон мянган айлд “төмөр” тараахаар боллоо.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт хугацаанд баримтлах гол бодлого нь гэр хорооллыг орон сууцжуулах. Харин богино хугацаанд эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч, энэ өвөл зуух тараана. “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэр хорооллын айлуудын зуухны аюулгүй байдлыг шалгахад шаардлага хангахгүй нь их байсан. Өдгөө нийслэлд 198 мянган өрх гал түлж байгаагаас 82 мянга орчим нь стандартын бус зуухтай. Байгаа нөөцдөө тулгуурлаад эхний ээлжид 20 мянган өрхийг цахилгаан халаагуураар хангана. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, шаардлага хангахгүй 70-80 мянган айлд давхар шаталттай буюу утаан дахь хорт бодисыг шүүдэг зуухыг нэн яаралтай олгох төсөл хэрэгжүүлнэ” хэмээн мэдээлсэн юм. Харин хотын мээр “Гэр хорооллынхны зуухыг солихоос аргагүй. Шаардлага хангахгүй зуухтай олон мянган өрх байна. Холбогдох байгууллагад бүртгэгдэж байгаа угаарын дуудлагын ихэнх нь зуухны чанар, аюулгүй байдалтай холбоотой. Ийм зуухнуудыг шинэчлэхгүйгээр агаарын бохирдолтой тэмцэж, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалах боломжгүй” гэж ярив.
Тэдний ярьж байгаагаар Улаанбаатар хот стандартаас давсан их утаатай, агаар бохирдуулагч бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа нь зуухтай л салшгүй холбоотой гэнэ. Нэг ёсондоо айлуудын, иргэдийн хариуцлагагүй байдлаас болж агаарын бохирдол ихэссэн гэж үзсэн бололтой. 2012-2016 онд гэр хорооллын айлуудын 90 хувьд нь зуух тараагаад ч нэмэр болоогүйн шалтгааныг тэд мөн л иргэдийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж дүгнэсэн юм шиг ээ. Тиймдээ ч “Зуухаа хаяж үрэгдүүлсэн, эвдсэн айлуудад хуулийн хариуцлага тооцно”, “Нийслэлээс олгосон зуухыг “Нарантуул” захад гаргаж худалдахгүй, идэшний махаар солихгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд иргэдтэй гэрээ байгуулна” хэмээн гэр хорооллынхныг “айлгаж”, иргэдэд хариуцлага тооцох талаараа урьтан ярих болов.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний чанарыг сайжруулж, найрлагад нь ордог бодисыг шинэчлэх шаардлагатайг судлаач, мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд сануулсаар буй. Энэ төрлийн түлш хэрэглээнд нэвтрүүлсэн үеэс угаартаж амиа алдах иргэдийн тоо өссөн нь ч хоруу чанартай нь холбоотой гэж тэд дүгнэж байгаа. Үүний дагуу Засгийн газраас хэд хэдэн удаа ажлын хэсэг томилж, “Тавантолгой түлш”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стандартыг шинэчилсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй. Эцэстээ Хятадаас хагас кокс авчирч турших шийдвэр гаргахаар тогтоод байтал хотын дарга ээлжит “шидэт” зуухны төслөө танилцуулав. Нийслэл дотооддоо бонд гаргах шийдвэрээ цуцалсантай холбоотойгоор хагас кокс хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй болсныг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан хэлэв. Үндсэндээ одоогийн байдлаар энэ өвөл эхлүүлэх нь гарцаагүй болоод буй ганц ажил нь зуух тараах аж. Угтаа агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр нь зуух биш, түлш шүү дээ. Утааг бууруулах арга зам, шийдлийн саналыг тэд “Тавантолгой түлш”-ийнхнээс бус, мэргэжлийн судлаач, эрдэмтдээс сонссон бол онох байлаа.
Хамгийн сонирхолтой нь, нийслэлээс чухам ямар зуух тараах нь тодорхойгүй байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Гэр хорооллын айлуудад олгох зуухны стандартыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн зэрэг байгууллагаас бичгээр авахаар хүсэлтээ илгээсэн. Үүнд тулгуурлаад тендерээ зарлана. 20 мянган цахилгаан халаагуур худалдаж авах тендерийг өнөө, маргаашгүй зарлах гэж байна. Харин зуухныхыг стандарт, шаардлагаа тодорхойлсны дараа даруй хэрэгжүүлнэ” хэмээн уржигдар ярив. Бүтээгдэхүүнээ сонгоогүй, үр дүн, ач холбогдлыг нь туршилтаар баталгаажуулаагүй хэрнээ “Даруй тараана, нэн яаралтай хэрэгжүүлнэ” хэмээн шийдэмгий ярьж байгаагаас үзэхэд тэд энэ ажлыг эхлүүлэхээр сэтгэл шулуудсан бололтой дог.