Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд зургаа дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд алсын дуудлагаар 18 аймагт очиж яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор ажлын байранд нь сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм. Уг ажлын үр дүнд Дорноговь, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасагт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт хийж эхэллээ.
Цаашид цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг бусад аймагт нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад анхаарч, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон зорилтот томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.