Үрээсээ хагацаж, бэтгэрсэн хөөрхий бүсгүй хорихоос захидал бичжээ. Нулимсанд халтартаж, дарайсан тэрхүү захидалд “Төрүүлсэн үрийг минь өөр бусдад үрчлүүлсэн байж болзошгүй сураг дууллаа. Нэг ой гаруйтай нялх үрийг минь хадмууд асарч халамжилна хэмээн авч үлдсэн. Гэхдээ намайг хорихт байх хугацаанд нэг ч удаа авчирч уулзуулаагүй. Хэчнээн гуйгаад ч утсаар яриулсангүй, хүүхдийн баяраар ч зургийг нь өгсөнгүй” хэмээх сэтгэл эмтрэм үгс хөврүүлжээ. Эл захидлын мөрөөр ХЭҮК-оос ажлын хэсэг байгуулж, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулж, бяцхан охиныг олох урт холын аянд гарсан гэдэг. Ажлын хэсгийнхэн охиныг бусдад өргүүлсэн нь үнэн болохыг нэн тэргүүнд олж тогтоосон байдаг. Ингээд тал тал тийшээ хуваагдан явж, эрэл сурал болсны хүчинд үрчилж авсан хүмүүс нь газар газар дамжин нүүж, холын аймгийн алслагдсан сумд очсоныг олжээ. Эх, үрийг уулзуулж, аль алиных нь элгийг дэвтээсэн, эрхийг нь хамгаалсан дээрх түүхийн эзэн бол нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Ихтамир юм.
Бусдад үрчлүүлсэн охины аав орон нутаг уул уурхайн салбарт ажилладаг бөгөөд хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, үл тоодог нэгэн гэнэ. Мөн “Баяраа өөрөө л ширээнээс уначихсан юм билээ” гэдэг шиг нөхөр нь эхнэрээ байнга зоддог, хүчирхийлэгч байжээ. Тэр нэг гайт өдөр согтуу нөхөр нь гэр бүлдээ агсамнан “цам харайж”, гартаа таарсан бүхнээ эхнэр лүүгээ шидсэн аж. Олон хавар нэгэндээ гэдэг шиг зодуурын бай болж, хүчирхийллийн золиос болсон эмэгтэйн тэсвэр тэр өдөр алдагдаж, зөрүүлээд гарт таарснаа авч шидсэн нь нөхрөө оножээ. Нөхөр хүндэвтэр гэмтсэн. Тиймээс “Аллаа, таллаа”, “Үхлээ, амь авраарай” хэмээн эмч биш цагдааг хамгийн түрүүнд дууджээ. Ийн эхнэр хорих руу ачигдаж, нөхөр уурхай руу явжээ. Харин эмэгтэйн хадам хүүгээ өмөөрч, бэрдээ өширхөн өөрийнхөө яс махны тасархай бяцхан ачаа газрын мухарт, алс хязгаарт нууцхан шиг үрчлүүлж, хойноос ажиг сураг тавилгүй “мартжээ”. Т.Ихтамир энэ талаар дурсахдаа “Гомдол гаргасан эмэгтэй эрхээ хязгаарлуулсан болохоос биш ээж байх эрхээ хасуулаагүй. Тэгээд ч хүүхэд үрчлүүлэхэд тодорхой хууль, журамтай. Адаглаад хуульд зааснаар нэн түрүүнд хүүхдийн ээжээс зөвшөөрөл авах ёстой. Харин хадмууд нь тэрхүү хууль, дүрмийг зөрчиж, хүүхдийг бусдад өргүүлсэн. Тиймээс бид цагдаагийн байгууллагад хандаж, хэргийн талаар мэдээлсэн. Мөн тухайн аймгийн удирдлага, хамтарсан багийнханд хүүхэд үрчлэлт, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл ойлголт өгч ажилласан” хэмээн ярьсан юм.
Гурван жилийн өмнө хорихоос бичсэн нулимстай захидлын мөрөөр ХЭҮК-т очиж байв. Тухайн үед эх, үрийг уулзуулсан гол ачтан энэ хэмээн комиссынхон Т.Ихтамиртай уулзуулж билээ. Тэрбээр ХЭҮК-т мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл 12 жил ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрх, чиг үүргийг нь өргөжүүлэхэд гар бие оролцсон, хяналт шалгалт, сургалт гээд олон чиглэлээр мэргэшсэн нэгэн. Мөн ХЭҮК-т хамт ажиллаж байсан нөхөд нь "Тамираа хүний эрхийг хамгаалах гэж Монгол Улсыг хэдэнтээ хөндлөн гулд тойрч, бусдын жаргал зовлонг хуваалцсан. Угаас хөдөө явах томилолтын нэрсийн хамгийн түрүүнд Тамираагийн нэр бичигдсэн байдаг сан. Бид нар чинь хөдөө явахдаа багадаа гурав, тэгээд 10, 20 хоногоор явна шүү дээ. Хамт хөдөөгөөр явахад тулхтай түшигтэй, халамжтай. Бидний нүдэн дээр хүн яаж өөрийгөө дайчилж, өсөж, дэвшиж, хэрхэн үлгэр жишээ байж болдгийг үйлдлээрээ харуулсан. Ер нь ХЭҮК-т ирсэн захидлын цөөнгүй нь Т.Ихтамирт гэж хаяглагдсан байдаг. Хүний эрхийн хамгаалагч байхад зориулагдсан төрмөл шударга хүн дээ" хэмээн түүгээр бахархсан.
Хамгийн сүүлд ямар хэрэг дээр ажиллаж, хэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлснийг түүнээс лавлав. Уламжлалын дагуу гэдэг шиг эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ихэвчлэн өмгөөллийн туслалцаа үзүүлсэн гэх хариу сонсов. Тухайлбал, орон нутагт аж төрдөг нэгэн эмэгтэй түүнд хандаж, “Таарамжгүй харилцааны улмаас гэр бүлээ цуцлуулах гэсэн юм өмгөөлж өгөөч” хэмээжээ. Хөдөөгийн буйдхан суманд очиж, хэргийн материал, баримттай танилцаж, шүүх хурал товлох хүртэл нь ажиллажээ. Ингэх явцдаа тэрбээр үйлчлүүлэгч нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болохыг мэджээ. Уг эмэгтэй нөхрөө хүчирхийлэгч гэдгийг өмгөөлөгчдөө хэлэлгүй тас нуусан байж. Харин нөхөр нь шүүх хурал болохын өмнөх долоо хоногт эхнэрийнхээ ажил дээр ирж, хэрүүл зодоон хийснээр эл хэрэг манджээ. Мэдээж дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй Т.Ихтамир цагдаа дуудаж, олон жил нуун дарагдуулж, ужгирсан хэргийг илчилжээ. Үр дүнд нь хуулийн байгууллага хохирогч эмэгтэйг хамгаалалтад авч, Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийг, хуралдуулж, бусдыг 10 гаруй жил эрхэндээ байлгаж, хүчирхийлэл үйлдсэн залууд хариуцлага тооцсон байна. Олон улсын тодорхойлолтоор хүний эрхийг хамгаалагч гэж хүчирхийллийн эсрэг хүний үндсэн эрх ба хүний эрхийн төлөө зүтгэдэг хүмүүсийг хэлдэг. Мөн манай улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, "Хүний эрх хамгаалагч" гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулдаг, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ хэмээн тодорхойлсон. Олон улсын хийгээд дотоодын хууль журамд тусгасан эл тодорхойлттой Т.Ихтамирын дээрх үйлдлүүд яв цав нийцэж буйтай олон хүн санал нэгдэх болов уу.
Өмгөөлөгч, хүний эрхийн хамгаалагч Т.Ихтамир. Мэргэжил хийгээд хүний нэр аль аль нь сонсголонтой байгаа биз. Өмгөөлөгч хэмээх эрхэм алдрыг тэртээ 20 жилийн өмнө Хууль зүй дотоод хэргийн сайдын 71 дүгээр тушаалаар хүртэж, өмгөөллийн тусгай үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Тэрбээр “Орхон” их сургуульд 1997 онд элсэж, 2001 онд дүүргэсэн. Оюутны ширээнээс дөнгөж өндийсөн залуухан эмэгтэйг удирдлага нь анх ажилд авахдаа хувийн сургууль төгссөн хэмээн чамлангуй угтсан гэдэг. Гэвч хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ үгийн утгыг харуулж, Т.Ихтамир муугүй өмгөөлөгч болохоо удирдлагадаа харуулж, бүр хүлээн зөвшөөрөгдсөн. Шинэ төгсөгч маань төлбөргүй чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хоёр жил гаруй хичээж ажиллажээ. Үүнийхээ хүчинд хуулийн салбараас маш их зүйл сурснаа дурссан юм. Тухайн үед нэг хэргийг мөрдөн байцаалт дуустал өмгөөлбөл 3000, прокурор, шүүх хүртэл ажиллахад 12000 төгрөг авдаг байжээ. Түүний чадвартай өмгөөлөгч болох замналыг өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Бярзана гуай чиглүүлж, залжээ. Хожим Т.Ихтамир Дотоод хэргийн их сургуульд элсэн Хууль зүйн магистр болсон. Өдгөө Дотоод хэргийн их сургуульд докторантаар сурч буй.
Т.Ихтамир хэмээх нэрийн тухайд хүмүүс байнга л “Чи Архангайн аль сумд төрсөн бэ” хэмээн асуудаг аж. Харин Т.Ихтамир Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Тухайн үед Архангай аймгаас илгээлтийн эзэн болж, тус сумд суурьшсан эх баригч Д.Чухал түүнийг эх барьж, ийн нэр хайрлажээ. Т.Ихтамир байгалиасаа гэдэг шиг багаасаа бурууд нүд хурц нэгэн байсан. Мөн машид эрхэлж, их хайранд өсжээ. Тиймээс тэрбээр 10 жилээ төгсөтлөө “Эрхтамир” нэрээс салаагүй гэдэг. Тэр өнөөдөр ч эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалж, тэдний төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэсээр яваа. Товчхондоо, Т.Ихтамир нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл хэмээх 2000 гаруй өмгөөлөгчтэй “их айл”-ыг удирдаж, багаараа хүний эрхийг хамгаалж, нэг чигт харж, ажиллаж байна.