Өсвөрийн тогооч нарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртжээ. Эл тэмцээнийг өнгөрсөн сарын 28-31-нд Тайландын Бангкок хотод зохион байгуулсан юм. Уг тэмцээнд 12 орны 48 тогооч өрсөлдсөн аж. Манай улсаас Д.Одбаяр, Ө.Жаргалбат, Б.Төгөлдөр нар оролцсон бөгөөд багийг Д.Одбаяр ахалсан гэнэ. Мөн Мико гэх нэрээрээ олон нийтэд танигдсан мастер тогооч Ц.Мэнджаргал тэмцээний шүүгчээр ажиллалаа. Тэрбээр “Дэлхийн тогооч нарын холбооноос анх удаа зохион байгуулж буй олон улсын тэмцээнийг шүүлээ. Нэг өдөр ахалж ч үзлээ. Энэ боломжийг олгосон Монголын тогооч нарын холбооны удирдлагууддаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ цахим хуудсандаа хуваалцжээ. Тэмцээний ялагчаар Тайландын баг шалгарсан байна.
А.Үүл