Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хурлаар Монголын ногоон нам даргаа өөрчилснийг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцээд, өргөдлийг нь буцаалаа. Тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдөл, холбогдох баримтыг өнгөрсөн сарын 20-нд Дээд шүүхэд өгсөн аж. Шүүгч нар өнгөрсөн мягмар гарагт хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа даргынхаа өөрчлөлтийг бүртгүүлэх асуудлаар дахин хандах боломжтой гэж үзсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд долоодугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуульд нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй болсон. Тиймээс Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийхээ мэдэгджээ.
Г.ОРЧЛОН