Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Япон Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг өчигдөр хүлээн авч уулзаж, цөлжилтийг бууруулах чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Элчин сайд М.Игавараха Монгол, Япон Улсын хамтын ажиллагааны гол цөмд цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, агаарын бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд байсаар ирснийг уулзалтын эхэнд онцоллоо.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монголд зохион байгуулахаар тогтоод буй. Тэгвэл эл арга хэмжээний бэлтгэлийг хангахад шаардлагатай дэмжлэгийг Япон Улс үзүүлэхээр болов. Түүнчлэн ойжуулалт, говийн бүсэд заган ойг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулах замаар цөлжилтийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Талуудын 2013 онд байгуулсан “Хамтарсан кредит олгох механизм”-ын хугацаа өнгөрсөн жил дууссантай холбогдуулан шинэчлэн сайжруулах чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр тогтсон байна.
Ж.СУВД