Орон нутгийн дугаартай автомашинтай иргэд Улаанбаатарт 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутам 5000 төгрөг төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг арга хэмжээг хэрхэн зохион байгуулж буй талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Улаанбаатар хот руу нэвтрэх долоон товчоо буюу Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн, Хоолтын даваагаар нэвтэрсэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авна. Уг төлбөрийг цахимаар авахаар зохицуулсан. Тодруулбал, “Smart car” аппликэйшнээр иргэдэд нэхэмжлэх илгээнэ. Тухайн иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Дээр заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэх үүсгэх юм” гэв.
Иргэдийн төлсөн мөнгийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар, арчлалтад зарцуулах аж. Эл зохицуулалтыг хэрэгжүүлснээр нийслэлд өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог тав хүртэлх хувиар бууруулах боломжтойг холбогдох албаныхан тогтоосон гэнэ. Улаанбаатар хотод орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл өдөрт замын хөдөлгөөнд оролцдог аж. Баяр ёслолын үеэр уг тоо 38 мянгад хүрч нэмэгддэг байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэд нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж буй юм.