ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбар, БНСУ-ын Кореа их сургуулийн Эх дэлхий ба хүрээлэн буй орчны тэнхимийн судлаачид хамтран Хараа голын сав газарт геоэкологийн хээрийн судалгаа хийжээ.
Энэ ажлын үр дүнд тухайн сав газрын геоэкологийн суурь зургийг боловсруулахаас гадна газрын гүний болон гадаргын усны хими, физик шинж чанарыг тодорхойлох, бичил элемент, изотопын шинжилгээ хийж, голын булингаршил, орчин, температур, бохирдлын зэрэг (аммони, нитрат, нитрит)-ийг нь тогтоох аж.
10 орчим хоног үргэлжилсэн хээрийн судалгааны явцад судлаачид газрын доорх усны 50, гадаргын 45, голын ёроолын хурдасны 40, хөрсний 200, нийт 350 орчим цэгээс дээж цуглуулсан байна.
Лабораторийн шинжилгээг бүрэн хийж, үр дүнг нь нэгтгэсний дараа олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн аж. Уг судалгааг Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилт бүхий “Геоэкологийн нөхцөлийг тодорхойлох, үнэлэх арга зүй боловсруулах төсөл”- ийн хүрээнд хийж буй бөгөөд хоёр орны 10 гаруй судлаач оролцож байгаа гэнэ.