Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Их тэнгэрийн аманд баригдаж байсан “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж Байгалийн шинжлэх ухааны музей болгох шийдвэр гаргасан. Цар тахлын жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийсээр өнөөдрийг хүрчээ.
Нийт 6.6 га газарт баригдах энэ цогцолбор нь 45 мянга орчим метр хавтгай дөрвөлжин талбайтай, хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейнүүдээс долоодугаарт эрэмбэлэгдэх бөгөөд Байгалийн түүхийн музейн одоогийн байрлаж буй Лениний музейн барилгаас 13 дахин том байгууламж болох юм.
Музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ “Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарах”-ыг хүсэв. Тэрбээр “Энэ музей шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бүс нутгийн болон олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, судалгааны эх сурвалж, мэдлэгийн эх булаг болно гэдгийг онцолсон юм.
Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна. Музейг2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.
Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй бөгөөд 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ. Тус музей нь одоогоор сан хөмрөгтөө байгаа 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.
У.ОРГИЛМАА