Дорнын эдийн засгийн IX дүгээр чуулга уулзалт Владивосток хотноо үргэлжилж, нийт 76 улс орон, нутаг дэвсгэрийн 6000 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтын бизнес хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр”, “Бие даасан байдлын технологи”, “Санхүүгийн үнэ цэнийн систем”, “Алс Дорнодын Орос орон”, “Хүмүүс, боловсрол ба эх оронч үзэл”, “Тээвэр ба ложистик: шинэ маршрут”, “Мастер төлөвлөгөө: архитектураас эдийн засаг хүртэл” гэсэн долоон сэдвийн дор 100 орчим салбар хуралдаан болно.
Мөн энэ үеэр ОХУ-ын бизнес эрхлэгчид Хятад, Энэтхэг, АСЕАН-ы орнуудын түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийх бөгөөд Монголын талаар хамгийн чихэнд чимэгтэй мэдээ гэвэл Орос-Монголын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад жилд 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлш нийлүүлнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев мэдэгдсэн явдал юм. Тэрбээр Монгол Улсад нисэх онгоцны түлшийг 100 хувь ОХУ нийлүүлэх бөгөөд “Бид хамтарсан компанийг 60:40 хувийн харьцаагаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулах зарчмуудаа тодорхойлсон. Бид үргэлж хоёр талдаа ашигтай байх гэсэн зарчмаар хэлэлцээ хийдэг” гэжээ.
У.Оргилмаа