Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг 159 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг эрх мэдлээ ашиглан өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэгийг албан тушаалаа ашиглаж 35.2 сая төгрөг завшин авсан хэмээн буруутгаж буй аж.
Мөн АТГ-ынхан Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцын корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дарга Д.Ганбаярт холбогдох хэргийг нэмж шалгаж дууссан байна. Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан “Ирксиб строй” ХХК-ийнхан чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн гэдэг. Тус компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцын корпорац” буюу улсын комиссын дарга Д.Ганбаярт 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг АТГ-ынхан Мөрдөн шалгах хэлтэст 2023 онд шалгаж дууссан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсны дагуу ийнхүү мөрдөн байцаалт явуулсан гэнэ.