Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг шуурхайлахаар “Хянамгай байя” аяныг цагдаагийн байгууллагаас өчигдөр эхлүүллээ. Цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой 1375 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрээс Эрүүгийн цагдаагийн алба 81-ийг, Мөрдөн байцаах алба тавыг, орон нутгийн цагдаагийн байгууллагынхан 436 хэргийг шалгасан аж. Үүний хүрээнд3508 цахим хаягийн Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарлажээ. Мөрийтэй тоглоомд ашигласан 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр битүүмжилсэн гэнэ. Мөн мөрийтэй тоглоом сурталчилсан, зохион байгуулсан цахим 102 бүлгэмийг устгуулах хүсэлтээ “Meta” компанид хүргүүлсэн байна. “Монгол Улсын иргэд гадаадын оронд очоод мөрийтэй тоглоомын сайт байгуулаад, нутаг нэгтнээ хохироох асуудал бий. Ийм этгээдүүдийг орогносон газраас нь “Шувуу” ажиллаагаар авчирч, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татна. Тэдэнд хариуцлага хүлээлгэнэ” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс уг аяны хүрээнд цахим залилангаас сэргийлэх, төрийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгоход анхаарах гэнэ. Цахим залилан ихсэх хандлагатай байгааг тус байгууллагаас анхаарууллаа. “Гэр бүлийн гишүүд тань цахим сүлжээнд цаг их зарцуулж байвал юу хийж буйг нь анхаарах хэрэгтэй. Мөн хувийн мэдээллээ бусдад дэлгэж, арилжааны дансаа ашиглуулснаар гэмт хэргийн оролцогч болох магадлалтай. Тиймээс арилжааны банкны данс, хувийн мэдээллээ бусдад ашиглуулж болохгүй. Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдүүд нь зочид буудал, түрээсийн байранд байрладаг. Иймд та орон байраа хэнд түрээслүүлж байгаагаа анхаарах нь чухал. Түүнчлэн зочид буудалд тань хэнд орж байгааг анхаарах нь зүйтэй. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох, эсвэл ашигласан эд зүйлийг нь улсын орлого болгодог. Цахим залилангийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой” гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэв.
А.Үүл