Монголын анхны цахим сургууль болох Medle.mn үндэсний платформд 1-12 дугаар ангийн 19 судлагдахууны 10 532 ээлжит хичээлийг байршуулжээ. Цахим хичээлийг сургалтын төлөвлөгөөний цагт нийцүүлэн боловсруулж, хэрэглэгчид хүргэж буй аж. Хаанаас ч хүссэн цагтаа тус цахим сургуулийн хичээлээс сонгон судалж, бие даан суралцах, төрөл бүрийн дасгал, даалгавар гүйцэтгэж өөрийгөө сорих, хичээлийн хоцрогдлоо арилгах боломж олгодог юм.
Харин багш нар цахим контентын талбарт хандсанаар анги бүрээр, судлагдахууны хоёр төрлийн төлөвлөлтийг татан авч ашиглаж болох нь. Өөрөөр хэлбэл, хичээлээ дэмжих контентыг сонгон хэрэглэх, заах арга зүйгээ хөгжүүлэх, сурагчид бие даан суралцахад дэмжлэг болгон ашиглах, ээлжит хичээл бүрийн ард байгаа бататгал хэсгээс даалгаврын сан бүрдүүлж хэрэглэх зэргээр өргөн хүрээнд ашиглах боломжтой гэнэ. Ташрамд дуулгахад, 10-12 дугаар ангийнхан энэ сарын 16-ныг хүртэл цахимаар сонгон судлах хичээлээ баталгаажуулах юм.