Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр сонслоо.
Тайланд дурдсанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж төмөр замын ажлын бодит гүйцэтгэлээс 16 сая ам.доллар буюу 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгчид илүү олгосон байна.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитаар 860.1 тэрбум төгрөгийн 29 зөрчил илэрчээ. 651 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ.
Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр 57.4 сая долларын орлого олох боломжийг алдсан талаар Үндэсний аудитын газраас мэдээллээ.