Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдал болон залуучуудын асуудал эрхэлсэн сайд Марси Йен-тэй уулзаж, хоёр улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд She4He санаачилгын тухай танилцуулав. Түүнчлэн 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Сайд М.Йеныг оролцохыг урив.
Эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдал болон залуучуудын асуудал эрхэлсэн сайд М.Йен Канад Улс жендерийн мэдрэмжтэй төрийн бодлого, төлөвлөгөөг боловсруулахад Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нийтлэг сорилт, бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.