Халтиргааны улмаас сүүлийн дөрөв хоногт 282 хүн гэмтэж бэртсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр сэрэмжлүүллээ. Ялангуяа энэ сарын 19-ний ням гарагт 83 хүн бэртэн, тус төвд хандсан нь өмнөх өдрүүдийнхээсээ бараг хоёр дахин нэмэгдсэн тоо юм байна. “Энэ сар гарснаас хойш нийслэлд цас их орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд халтиргаа үүссэн. Үүнээс улбаалан бэртэж гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна” гэж тус төвийнхөн анхааруулаад, иргэдэд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө. Түүнчлэн хүйтний эрч чангарсантай холбоотойгоор осгох, хөлдөх тохиолдол цөөнгүй гарах болсныг сануулав. Энэ сарын 3-наас эхлэн нийслэлд цас орсон. Түүнээс хойш 39 хүн дээрх шалтгаанаар ГССҮТ-д хандаж, эмчлүүлээд буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч