Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Энэ хүрээнд Ногоон эдийн засаг, боловсрол, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч зэрэг салбарт цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглээд, “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулах зэргээр хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын Парламентын дэмжлэг чухлыг дурдлаа.
Нийтийн танхимын дарга Г.Фергус “Жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, эмэгтэйчүүдийн манлайллыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улстай харилцан туршлага солилцон хамтран ажиллахын төлөө байгаа”-г илэрхийлэв.
Канад Улсад албан ёсны айлчлал хэрэгжүүлж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Канад Улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа эрхэлсэн сайд Ахмед Хуссен-тэй уулзжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын улс төр, эдийн засгийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход Канад Улсын хөгжлийн хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд хөгжлийн хөтөлбөрүүд охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх болон уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах чиглэлд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Ахмед Хуссен Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглээд Иж бүрэн түншлэлийн хүрээнд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал хоёр улсын ижил төстэй цаг уурын нөхцөл байдлыг харгалзан цаг уурт мэдрэмжтэй хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.