Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Элчин сайд М.П.Сингх “Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжсэн, нэн ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байсан. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Үүний нэг тод жишээ бол Энэтхэг, Монголын парламентын бүлэг байгуулагдсан нь манай улсын парламент дахь түүхэн шинэ хуудас юм. Намайг анх томилогдон ирэхэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шашин, ардчилал болон хөгжлийн түншлэл гэсэн гурван тулгуур дээр тогтож ирсэн. Улсын Их Хурлын даргын тууштай дэмжлэгтэйгээр эдгээр гурван тулгуур баганы тоо нэмэгдсэнд туйлын баяртай байна” гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад Элчин сайд М.П.Сингх-ийн оруулсан үнэтэй хувь нэмэр орууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн манай улсад хийсэн айлчлал нь зөвхөн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал болсон” гэдгийг онцлов. Нэн ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаар хоёр тал тохиролцсон. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, хөгжил, дэвшлийг хурдасгах томоохон бүтээн байгуулалт төдийгүй стратегийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг онцлоод Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Энэтхэг Улсын Засгийн газарт дахин талархал илэрхийлье” гэв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ирэх жил зохион байгуулагдах Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ээлжит чуулга уулзалтад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн төлөөлөгчдийг оролцох урилгыг гардуулан өглөө.