Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, үйл ажиллагаа явуулдаг л бол Шилэн дансаа хөтлөх нь тэдний үүрэг. Ялангуяа төр 33 ба түүнээс дээш хувийг нь эзэмшиж байгаа төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, ил тод, нээлттэй ажиллах нь тэдний үүрэг баймаар. Гэвч өдийг хүртэл Шилэн дансны мэдээллээ хөтлөхгүй эсвэл төсвийн мөнгийг өөрийн дураар захиран зарцуулж буй “том толгойтнууд” байсаар л.
2015 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Шилэн дансны тухай хуулийг хэн ямар албан тушаалтан хөтлөөгүй ирснийг бид цувралаар хүргэх болно.
Бидний хамгийн эхний “том толгойтон” бол НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл.
2006 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлж, 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2020 оноос дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа улс төрийн замналтай нэгэн юм.
Гэвч тэрбээр Засаг даргаар томилогдсон цагаасаа эхлэн татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, дур зоргоороо захиран зарцуулж ирсэн нь Аудитын шалгалтаар нотлогдсон байдаг. Тухайлбал,
- 2020 онд хуульд зааснаас илүү орлогч, зөвлөх ажиллуулж 33 сая төгрөгийн цалингийн зардлыг төсвөөс гаргуулж,
- Шилэн дансны хуулийг зөрчиж 800 сая төгрөгийн орлогын 9 гүйлгээ, 101 сая төгрөгийн зардлын 33 гүйлгээг мэдээлээгүй,
- тендерийн хуулийг зөрчиж сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд гэрээ байгуулж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан,
- Гадаад томилолтын зардалд 164 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг зардлаа өр төлбөрийн дансаар дамжуулан бүртгэж санхүүгийн зөрчил гаргажээ. Түүнчлэн гадаад томилолт болон хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой 39 сая төгрөгийг бусад зардлаас гаргаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна.
- Дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний зардал хоол гэхэд л 50 сая төгрөг болж байх жишээний.
Аудитын шалгалтаар зөрчлүүд удаа дараа гарсаар байхад өдийг хүртэл ямар ч арга хэмжээ авч, хариуцлага тооцогддоггүй эрхэт дархтан байсаар байна. Хариуцлага тооцох нь битгий хэл түүнийг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдох магадлалтай хэмээн бор шувуу “жиргэж” эхэллээ.