Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки эх орондоо буцах болсонтой холбогдуулан түүнийг үдэн гаргах ёслол боллоо. Тус ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтэн, олон улсын харилцаа судлаач, Монгол Улс дахь бусад улсын элчин сайдын яамны төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүллээ. Элчин сайд Кобаяши Хироюки 2019 оны арваннэгдүгээр сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож байжээ. Цар тахлын хүнд үед хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг албаны хүмүүс цохон тэмдэглэлээ.
Элчин сайд Кобаяши Хироюки “Миний бие 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад томилогдон ирж, зул сарын баярын өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш Монгол Улсад ажиллаад даруй 4 жилийн хугацаа өнгөрчээ. Миний бие 11 дүгээр сарын 26-ны өдөр үүрэгт ажлаа дуусгавар болгон эх нутагтаа буцна. Би 1983 онд Япон Улсын Гадаад хэргийн яаманд анх ажилд орсон бөгөөд монгол хэлээр мэргэшсэн дипломат ажилтны хувиар 3 удаа Монгол Улсад томилогдон, ажил амьдралынхаа 11 жилийг өнгөрүүлжээ. Монгол Улс миний хувьд хоёрдогч эх орноос минь өөрцгүй тийм л хүндтэй сайхан улс юм. Миний сэтгэл зүрхэнд ийм чухал байр суурийг эзэлдэг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээлгэсэн миний эх орон Япон Улсад, намайг халуун дотноор хүлээн авч, тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын ард түмэнд, Монгол Улсын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн хамтран ажилласан бусад улсын Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын мэргэжил нэгт анд нөхөд, мөн намайг цаг ямагт дэмжиж ирсэн Монгол Улсад оршин сууж буй Япон Улсын иргэд та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэлээ.
Монголд ажилласан 4 жилийн хугацаанд коронавируст халдвар гарч, цар тахалтай тэмцэх чиглэлд хамтран ажиллаж, Монгол Улсад 25 тэрбум иений хөнгөлөлттэй, яаралтай тусламжийн зээлийг Япон Улсаас олгосон байна. Мөн 2021 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан (UNIСEF) -гаар дамжуулан шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 2 сая 300 мянга орчим тун пфайзер (Pfizer) вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн иений хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь 2021 оны долдугаар сард нээлтээ хийсэн билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын үүргээ нэр төртэй гүйцэтгэсэнд талархал илэрхийлье. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын ардчилсан хөгжлийг дэмжиж, бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлж, стратегийн түншлэлийн шинэ шатанд хүрэхэд Элчин сайд Кобаяши Хироюки үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн цар тахлын хүнд үед хамт байж, богино хугацаанд даван туулахад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнд талархал илэрхийлье” гэлээ.
2022 оны хоёрдугаар сарын 24-нд Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, Шикокү бүс нутаг дахь Монгол Улсын Өргөмжит консул ноён Каваүчи гуайн ивээн тэтгэсэн "Сүүн зам Япон-Монголын бүжгийн наадам"-ыг хийсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд албан ёсны айлчлал хийж, Япон Монголын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хэмээх урьд хожид байхгүй хоёр орны тусгай түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлжээ. Мөн 2023 оны гуравдугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийж, Японы олон янзын тогтолцооны талаарх судалгааг амжилттай явуулсан зэрэг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тустай хувь нэмэр оруулсан байна.
БХБ-ын сайд, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Ц.Даваасүрэн “Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкид талархал илэрхийлье. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Цаашид улам бүр хөгжихийн ерөөл дэвшүүлье” гэлээ.
Элчин сайд Кобаяши Хироюкигийн бүрэн эрхт хугацаа арваннэгдүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болж байна. Түүний дараа Элчин сайдын албыг хашихаар хятад судлаач Игавахара томилогдож, ирнэ.
Элчин сайд Кобаяши Хироюки “2021 оны долдугаар сард зохион байгуулагдсан Токиогийн олимп, паралимпийн наадмын нээлт болон 2022 оны есдүгээр сард Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон явдал нь Монголын ард түмний ган бат нөхөрлөлийн томоохон илэрхийлэл болсон. Намайг Монгол Улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд ийнхүү Монгол Улсын төрийн гурван өндөрлөг Япон Улсад албан айлчлал хийсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэлээ.
Тэрбээр анх 1985 онд Монгол улсад ирж байсан бол өнөөдөр Элчин сайдын албаа нэр хүндтэйгээр хашиж, эх орондоо буцах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайд Кобаяши Хироюкиг “Алтан гадас” одонгоор шагналаа.
Мөн түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн анхны “Хүндэт доктор” цолыг олгосон байна.