Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятадаар ярьж буй мэт эвлүүлсэн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. Энэ нь улсын үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл гэдгийг тус мэдэгдэлд онцолжээ. Тиймээс олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буйг мэдэгдсэн байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Орчин үеийн технологи, программ ашигласан уг хуурамч бичлэгийг хийсэн хоёр монгол иргэнийг олж тогтоон, хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж хийсэн “Ерөнхийлөгчийн цаг” нэвтрүүлгийн дүрс бичлэгийг тусгай программ ашиглаж эвлүүлжээ. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг зохион байгуулалттай хийж байна” гэсэн юм. Гурван сарын өмнө Монгол Улсын хилийн зурвасыг дотогш нь татсан тухай хуурамч мэдээллийг зохион байгуулалттай цацсаныг хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг цар хүрээ өргөн, энэ хэрээр улсаараа хохирох эрсдэл өндөр гэдгийг Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал сануулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан бөгөөд түүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг билээ.