МАН-ын бүлэг хуралдаж дуусаад, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын байнгын есөн хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Иймд байнгын хороодын дарга нарыг сонгоход баримтлах зарчмыг хэлэлцэж, тогтсон. Энэ 7 хоногт 5 байнгын хороо, ирэх 7 хоногт 4 байнгын хорооны даргыг сонгоно.
Хоёрдугаарт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, авах арга хэмжээний талаарх нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонслоо. Үүний дараа МАН-ын бүлэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Улсын төсвийг өргөн барихдаа эрчим хүчний сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25,8 тэрбум төгрөгийг суулгасан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан тул шууд нийслэл рүү шилжсэн тул 25,8 тэрбум төгрөгийг БОАЖ-ын сайдын багцад “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал” гэж тусгасан” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг агаарын бохирдолтой холбоотойгоор дараах мэдээллийг өгөв.
“Дунд хугацааны бодлогоороо гэр хорооллыг орон сууцжуулах, автозамын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хууль батлагдвал 2 асуудал шийдэгдэнэ.
Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл болно.
Агаарын бохирдлын тодорхой хувь нь автомашины утаанаас гарч байгаа. Автомашины утаа агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро 5 стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой.
Бидний өргөн барьсан хуулиар автомашины явах хурдыг нэмснээр автомашинаас гарч байгаа агаарын бохирдол 17 хувиар буурна гэж тооцоолж байгаа.
Хууль батлахаас өөрөөр богино хугацаандаа энэ өвөл юу хийх вэ гэвэл гэр хороололд амьдарч байгаа 198,000 орчим өрхөөс 82,000 гаруй айл стандартын бус зуухтай байгаа гэсэн тооцоолол гарсан. Үүнээс 20,000 айлыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ.
Мөн амьжиргааны түвшин доогуур 70,000-80,000 айлд давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хэрэгжүүлж байна" гэлээ.