Өнөө жил налгар, дулаахан, урт намар тохиож буйг хэн хүнгүй гайхаж, хот, хөдөөгүй алгуурлаж ахуйд хашир, туршлагатай малчид хахир өвөл айсуйг анхааруулж байв. Намар хэт дулаарч, налайх тусам өвөл их хэмжээний цас орж, зутрах магадлал өндөр байдаг хэмээн тэд болгоомжилж байсан юм. Цаг улирлын байдлыг уламжлалт аргуудаар шинжихэд ч таагүй “төлгө” бууж байгааг малчид, байгаль орчны салбарын хүмүүс эртнээс сэрэмжлүүлсэн. Оройтсон өвөл ирэхдээ яг л тэдний тодорхойлж байсанчлан хүнд сорилт, хахир уур амьсгал дагууллаа.
Одоогийн байдлаар Монгол орны нийт нутгийг хамарсан, нэг болон түүнээс дээш хоног үргэлжилсэн цас хоёрхон удаа ороод буй ч өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна. Энэ сарын 3-5-нд нийт нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуурга дэгдэн, зарим бүсэд цаг агаарын аюулт, гамшигт үзэгдэл боллоо. Энэ үеэр Төв, Өвөрхангай аймагт найман малчин амиа алдсан харамсалтай үйл явдал тохиов. УОК-ын ажлын хэсэг, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймаг, сумуудад ажиллан, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүллээ. Гэвч суурин газраас алслагдмал бүсүүдэд цас ихтэй, одоо ч мал сүрэг бэлчээх байтугай тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгааг орон нутгийн холбогдох байгууллагууд мэдээлсээр.
Манай орны нийт газар нутгийн 54 хувьд цасан бүрхүүл тогтоод буй бол Сүхбаатар, Говьсүмбэр, Дорнод, Төв, Архангай, Завхан аймгийн 79-90 хувь нь цастай байна. Ойрын үед цаг агаар харьцангуй тогтуун, зарим бүсэд агаарын температур нэмэх рүү шилжээд буй ч энэ нь түр зуурын үзэгдэл, малчдын хувьд таатай зүйл биш гэдгийг учир мэдэх хүмүүс мөн л сэрэмжлүүлсээр. Учир нь өдөртөө хэт дулаарч, шөнө хүйтрэх үед нарны илчинд хайлсан цас зайрмагтан хөлдөж, нягтарч хатуурдаг тул мал сүрэг идээшлэх аргагүйд хүрдэг аж. Мөн хүн, мал явахад ч хүндрэлтэй болдог гэнэ. Хотынхон бид “Сайхан дулаахан өдрүүд тохиож байна” хэмээн хөл хөөр болж буй энэ үед хөдөөнийхөн “Мал идээшлэх аргагүйд хүрлээ” гэж сэтгэл зовниж сууна.
Арваннэгдүгээр сар бол өвлийн эхэн үе. Намар дуусаж, дараагийн улирлын тэргүүн сар эхлэх цаг уурыг өвлийн амьсгаа үе гэдэг. Өвлийн амьсгаа дөнгөж эхэлж буй, идэр есийн хүйтэн ирээгүй, хур тунадас тоотой хэдхэн орсон энэ үед малчид хүнд сорилттой нүүр тулж, их хэмжээний хохирол амсаад буй нь цаашид хэрхэх бол гэсэн айдас, болгоомжлолыг дагуулж байна. Иймд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан өвөлжилт, цаг агаартай холбоотой урьдчилсан мэдээг хүргэе.
ЗУНШЛАГА САЙН БАЙСАН НУТГУУД Ч ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн судалгааны хэлтсийнхэн энэ сарын 10-ны байдлаарх зудын эрсдэлийн зургийг боловсруулан, танилцуулаад байна. Үүнд зурагласнаас үзэхэд манай орны нийт газар нутгийн 50 хувьд зудын эрсдэл нэн их болон их, 40 хувьд дунд зэрэг, үлдсэнд нь бага гарчээ. Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймаг зудын өндөр эрсдэлтэй бүс нутагт багтжээ. Эдгээрээс одоо нөхцөл байдал нь сайнгүй буй, сүүлийн жилүүдэд дараалан ган, зуд нүүрлэж байгаа Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг аймаг нэн их эрсдэлтэй ангилалд орсон аж.
Цаг уурчид “Энэ сарын 10-ны байдлаар (үүнээс хойш дахин нэг удаа үргэлжилсэн их хэмжээний цас орсон) нийт нутгийн 50 гаруй хувьд хур тунадастай, ихэнх бүсэд 5-20 см, зарим газарт үүнээс ч зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Өнгөрсөн зун баруун болон говийн аймгуудад гантай, гандуу, харин төвийн, зүүн бүсийн нутгуудад зуншлага харьцангуй сайн байсан. Гэвч их хэмжээний цас орсноос зуншлага сайн байсан төвийн болон зүүн бүсийн нутагт ч өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүслээ. Зудын эрсдэл ихтэй бүс нутгуудад малын тарга хүч дутуу, бэлчээрийн ургамал цасанд дарагдсан, өвс, тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл бага, малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна” гэжээ.
ИХ ХҮЙТЭН ТОХИОХ УУ
Өвлийн хамгийн хүйтэн үе арванхоёрдугаар сарын сүүлчийн 10 хоногоос буюу идэр есөөр эхэлдэг гэлцдэг. Харин энэ өвлийн арванхоёрдугаар сар олон жилийн дунджаас онцгой хүйтэн байх талаар хүмүүс олон нийтийн сүлжээнд бичиж, анхааруулсаар байгаа. Одоо ороод буй цас, хүйтрэл энэ өвлийн “трейлэр”, оршил хэмээн хошигнох иргэдч байна. Их хүйтнээс урьтаад түлш, эрчим хүчээ нөөцлөхийг холбогдох байгууллагынханд зөвлөж байгаа нь ч харагдлаа. Томоохон гол, нууруудтай, түүнийгээ дагасан их жавартай Увс, Хөвсгөл зэрэг аймагт агаарын температур 40 хэмдхүрч хүйтэрч болзошгүй гэх мэдээлэл ч түгээд байна. Цаг уурын байгууллагаас гаргасан 2023-2024 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад ч энэ оны сүүлчийн сард Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ахиу цастай байх нь. Ялангуяа зүүн бүсийн ихэнх, говийн аймгуудын зүүн нутгаар эрс хүйтэн байх гэнэ. Увс, Завхан, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатарын нийт, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр их хэмжээний цас орох төлөвтэйг онцолжээ. Их цас орон нутгийнханд, ялангуяа малчдад ямар их хүндрэл бэрхшээл учруулдгийг энэ сарын эхээр болсон үйл явдал харуулсан. Тиймээс малчид ирэх сарыг даган айсуй их цас, хүйтэн уур амьсгалд бэлтгэлтэй байх шаардлага тулгарлаа.
ОТРЫН БҮСЭД 681 281 МАЛ ӨВӨЛЖҮҮЛЭХ НЬ
Манай улс 783.3 мянган га талбайг хамарсан, аймаг дундын отрын есөн бүс нутагтай. Тэдгээрийг ХХААХҮЯ-ны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа хариуцдаг. Тус байгууллагынхан жил бүрийн намар эдгээр бүс нутагт ажиллаж, бэлчээрийн даац, хүчин чадлыг нь тодорхойлоод, хэчнээн тооны мал отроор өвөлжүүлэхээ шийддэг юм. Ингэхдээ орон нутгийн малчдаас санал авдаг. Малчид өвлийг хэр гарз хохирол багатай даван туулах нь дээрх захиргааныхан отор нүүдлийг хэр оновчтой, шуурхай зохион байгуулахаас тодорхой хэмжээнд хамаардаг гэж хэлж болно. Өвлийн бэлтгэл ажлын нэг ч гэж үздэг. Тэгвэл 2023-2024 оны өвөл улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутгуудад 13 аймаг, 28 сум, нэг тосгоны 681 281 мал (хонин толгойд шилжүүлснээр) өвөлжүүлэхээр төлөвлөж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн талаар тус захиргаанаас мэдээллээ. Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд дөрвөн аймгийн зургаан сум, нэг тосгоны 315 000 орчим мал өвөлжүүлэхээр болсон нь хамгийн ихэд тооцогдож байна. Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймагт өвөлжилт хүндэрсэн нь энэ тоо өсөхөд нөлөөлжээ. Чойбалсанд 106 281, Малахын талд 89 000 орчим, Багахайрханд 39 857, Баяннуруунд 38 657 мал өвөлжүүлэхээр тооцсон нь бэлчээрийн даацаараа Хэрлэнбаян-Улааны дараа орж байна.
“МАЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХАД АНХААРЧ БАЙНА”
Өдгөө зарим аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүнд буй. Харин цаашдаа нийт нутгаар өвөлжилт хүндэрнэ гэж цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа. Тэгвэл УОК өвөлжилтийн бэлтгэл хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хэрхэн анхаарч, ямар ажил хийж байна вэ. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс энэ талаар тодруулахад “Одоогоор Төв, Архангай, Завхан, Увс аймагт өвөлжилт хүнд байна. Малын бэлчээр цасанд дарагдсан учраас идээшлүүлэх боломжгүйд хүрэх эрсдэл өндөр. Цаашид нийт нутгаар ийм эрсдэл үүсэж болзошгүй. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын албан даалгавар өнгөрсөн долоодугаар сард гарсан үеэс УОК аймаг, сумдуудад энэ чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын үйл явцыг энэ сарын 15-нд Засгийн газарт танилцууллаа.
Малчид хувьдаа, аймаг, сумууд нөөц бололцооныхоо хэрээр өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан ч их хэмжээний цас орж, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолоо. Бид гамшгийн бэлэн байдал буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, өвс, тэжээлийн нөөц хангахтай холбоотой үүрэг чиглэлийг орон нутгуудад тогтмол өгч байгаа. Харин ХХААХҮЯ болон аймгуудын хөдөө аж ахуйн газруудад малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллах зөвлөмж өгч буй. Хэдий их хэмжээний өвс, тэжээл нөөцөллөө ч бүх малыг өвөл, хаврын турш тэжээх аргагүй шүү дээ. Иймд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тоо толгойг нь цөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Аймаг, орон нутгуудад өгч буй үүрэг чиглэл, шийдвэрүүдийнхээ хэрэгжилтийг хянаж, шаардлага тавьдаг” гэв. Ташрамд дурдахад, энэ сарын эхээр болсон цасан шуурганы үеэр Төв, Булган аймагт 4000 гаруй мал хорогдсоныг тэрбээр онцлов. Хатуу өвлийн хаяан дахь сорилтод малчид ийнхүү хохирчээ.