Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жолигийн урилгаар арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.
1973 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2023 онд дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна.
Монгол Улс ЭСЯ-аа Оттава хотноо 2001 онд, Канад Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2008 онд тус бүр нээж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Талууд 1994 онд Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын худалдаа, арилжааны тухай хэлэлцээр, 1998 онд Монгол, Канадын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар солилцох захидал, Монгол-Канадын хөгжлийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай тунхаглал, 2002 онд Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын конвенц, 2004 онд Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын гэрээ, 2013 онд Канад Улсын иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн шийдвэрийн талаар Монгол Улсын Засгийн газраас тухай ноот бичиг, 2016 онд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр, Хөгжлийн тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулж байжээ.
“Канад сан” Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 21 аймгийн 240 гаруй суманд 447 төсөл хөтөлбөрт 6 сая 600 мянга орчим канад долларын буцалтгүй тусламж үзүүлсэн хэмээн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Эйд Жейгэр 2017 оны хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана. Уулзалт, хэлэлцээний үеэр Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.