Хүн төрөлхтөн 1940 онд антибиотик гэгчийг нээж, зах зээлд нийлүүлснээр сая сая хүний амийг аварсан түүхтэй. Гэтэл өнөөдөр антибиотик өөрөө “алуурчин” болжээ. Учир нь сүүлийн үед байгаль дээр байсан нянгийн омгууд асар их өөрчлөгдөж, антибиотикийн нөлөөнд тэсвэржилтэй омгууд нь үлдсээр эмийн эмчилгээнд дархлаатай болсон байна. Энэхүү дархлаа нь малд ч ялгаагүй үйлчилдэг аж. Малчид өөрсдийн дураар эмийг хэтрүүлэн өгсөөр малын биед байдаг бичил биетнүүд эмд дасал болж, хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдах болжээ. Иймд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн банк хамтран "Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах" дэлхийн долоо хоногийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, нийт малчдын 85 хувь нь өвчтэй малд дур мэдэн эм өгдөг болох нь судалгаагаар тогтоогдож. Энэ нь алслагдмал хөдөө орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээ болон эмийн хангамж дутагдалтай байдагтай холбоотой. Бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар тодорхой ойлголтууд байхгүйгээс хяналтгүй хэрэглээ бий болж байна. Улмаар эмийн үлдэгдэл малын мах, сүүнд орж хүний бие дахь бичил биетний тэсвэржилтийг нэмэгдүүлдэг. Иймд малчид болон малын эмч нарт бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголт өгөх, шинэ хууль эрх зүйн орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээг бий болгох шаардлага бийг мэргэжилтнүүд хэлж байна.
“МАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНТИБИОТИКИЙН ҮЛДЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШАЛГАДАГ ТУЛ АЮУЛГҮЙ”
Улсын мал эмнэлгийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторийн химич Х.Дэлгэр “Манай лаборатори малын гаралтай бүтээгдэхүүний антибиотикийн үлдэгдлийн хэмжээг шалгадаг. Мөн нийт 34 сумын лабораторид антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх түвшний буюу түргэн тестийн арга нэвтэрч, сүү, махан дахь антибиотикийн үлдэгдлийн эрсдэлийг мал эмнэлгийн анхан шатны түвшинд хянаж байна.
Хүнсний бүтээгдэхүүн дэх малын эмийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж бий. Манайд тэр стандартын дээд хэмжээ хэтэрсэн тохиолдол байдаггүй” гэв.
"БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭГ АВАХГҮЙ БОЛ 2050 ОН ГЭХЭД ЖИЛД АРВАН САЯ ХҮН НАС БАРДАГ БОЛНО"
Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3.8%-аар бууруулна. Бичил биетний тэсвэржилт нь хяналтгүй тархсаар байвал дараагийн 10 жилд жил бүр 3.4 триллион ам.долларын ДНБ-ний хомсдолд оруулна. Мөн 24 сая гаруй хүн амыг туйлын ядууралд хүргэх аюултай гэж тооцжээ.