Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол, Япон хоёр өнө эртний найрсаг харилцаатайг дурдаад, жил ирэх тусам хоёр орны олон талт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тодотголоо. Япон Улсын Засгийн газраас Монголын хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн явдлыг онцолж, Элчин сайд Кобаяши Хироюкиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хоёр улсын хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд амжилт хүсэв.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.Элчин сайд Ноён Кобаяши Хироюки хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг зохион байгуулсан байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Элчин сайдаар Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаа”-г онцлов.
Япон Улстай хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг 2021 оны долдугаар сард ашиглалтад оруулснаар хүчин чадал 3 дахин нэмэгдэж 6 терминалтай, долоо хоногт 160 удаагийн нислэг, жилд 22 мянга удаагийн онгоц хүлээн авч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Энэхүү төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлэн, үргэлж дэмжиж ажилласанд талархал илэрхийллээ.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Элчин сайд Ноён Кобаяши Хироюки Монгол Улсад нийт 11 жил ажиллах хугацаандаа үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж байна.