УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд хүний эрхтэй холбоотой асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Цэрэгт яваад амиа алддаг асуудал хэрээс хэтэрлээ. Саяхан нас барсан хүүхдийн асуудал эргэлзээтэй хэвээр байна. Эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр талийгаачийн биед задлан хийнэ гэдэг хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаагийн илрэл. Хэрэг гардаг орой нас барсан хүүгийн эмээ над руу залгаад “Энэ асуудлыг шийдэж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярьж өгөөч” гэхээр нь сайд руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Нас барсан хүүгийн шалтгаан нөхцөлийг яаралтай тодруулаад, асуудлыг дор нь шийдвэрлээд явах хэрэгтэй. Хэрэг шийдэгдэхгүй байгаа нь хэн нэгэн албан тушаалтан саад учруулж байж болзошгүй.
Цэргийн ангийн орчин нөхцөлийг сайжруулахын оронд энэ зун сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөсөн нөхдүүд 300-400 гаруй хүнтэй цэргийн ангийг өөрсдийнхөө “пи ар”-т ажиллуулсан хэрэг Архангай аймагт гарсан. Цэргийн төсвийн мөнгийг өөрсдийн сонгуулийн ажилд зарцуулж байхын оронд цэргүүдийнхээ амьдрах орчин нөхцөлийг засах ёстой байсан юм.