Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гийн хамт олонтой хийлээ. Энэ үеэр “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцуулсан. Тэрбээр “Бид “E-Mongolia”-гаас гадна ХУР, ДАН, erp.emongolia, lavlagaa.mn, e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн болон мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш, хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх. Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. “E-Mongolia 4.0” системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэв. Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэлээ. Монгол Улсын нэгдсэн вэбтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг “E-Mongolia 4.0”-ташиглах зэрэг санал дэвшүүллээ.
Дээрх систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан аж. Цаашид төр систем хөгжүүлэхгүй, тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв. Уулзалтад оролцогчид хүний нөөцийн дутагдалтай, ажлын ачаалал, цалин хөлс зэргээс шалтгаалан тогтвортой ажиллах боломж бага зэргээр тулгамдсан асуудлаа хуваалцжээ. Мөн төрийн байгууллагуудад цахим үйлчилгээг санал болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, Засгийн газрын тогтоол, шийдвэрт ЦХХХЯ-наас зөвлөмж авах, системийн шинэчлэлт, хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбар дундын уялдааг хангахад анхаарахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийгээд явах нь чухал гэдгийг сануулж, инженер технологийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, цахим кабинет байгуулахыг болон бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аян өрнүүлэх, “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийг дэмжиж ажиллана гэсэн юм. Эндээс гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Манай улс 2020 оны аравдугаар сарын 2-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус системд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ.