Энэ сарын 13-14-нд шилжих шөнөөс эхлэн Монгол орны баруун аймгуудын нутгаар хур тунадас орж, эрс хүйтэрсэн бол өнөөдөр зүүн хагаст цаг агаар тогтворгүй байх нь. Тодруулбал, Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нийт нутгаар цас орж, салхины хурд секундэд 14-16 метрт хүрч ширүүсэх төлөвтэй гэнэ. Энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах эрсдэл өндөр тул малчид, тээвэрчид, орон нутгийн замд зорчиж буй хүмүүсийг аюулгүй байдлаа хангахыг цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Ялангуяа өвөлжилт хүндрээд буй аймаг, сумуудын иргэдийг цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, байгалийн гамшгаас сэргийлэхийг зөвлөж байна.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант, Өндөрширээт сумд УОК-ын шийдвэрээр томилсон ажлын хэсэг ажиллаж буй. Тухайн сумуудад тал газраар 25, гуу жалгатай хэсгээр 60-80 см-ийн зузаан цастай, мал бэлчээх байтугай тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байгаа гэнэ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 82 өрхийг өвөлжөө рүү нь нүүлгэж, цасанд боогдсон 600 орчим км замыг нээжээ. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Лүн сумд 820 мал хорогдсоныг урьдчилсан байдлаар тогтоосон. Тэгвэл Өндөрширээт сумд 2000 бог, бод хорогдсоныг ажлын хэсгийнхэн тогтоогоод буй аж.
Иргэд зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж байгаад тээврийн хэрэгсэлтэйгээ осолдох тохиолдол орон нутагт олон гарч байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Он гарснаас хойш улсын хэмжээнд энэ төрлийн 21 дуудлага бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид 35 хүний амийг авран, 16 тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ихэнх гол, нуурын мөсний зузаан 10-25 см болсон ч олон жилийн дундаж хэмжээнд хүрэхгүй, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10-30 см-ээр нимгэн, хүн, мал, тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй байгааг анхааруулав.