Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Эл хугацаанд хязаалан гунан үхрийн үнэ Төв аймагт хамгийн өндөр буюу 1.72 сая төгрөг байсныг дурдлаа. Харин Ховдод хамгийн бага буюу 750 мянган төгрөг байжээ. Малын зах зээлийн дундаж үнийн өмнөх сарын мэдээллийг 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад атных 1.5 сая төгрөг болж 29 000, соёолон үрээнийх 1.2 саяд хүрч 59 200, хязаалан гунан үхрийнх 1.4 сая болж 89 100- гаар өссөн аж. Мөн эр хонины үнэ 219 500 төгрөг болсон нь 25 400, эр ямааных 145 900 төгрөгт хүрсэн нь 7500-гаар нэмэгдсэн дүн гэнэ. Тэгвэл үхрийн хоёр метрээс дээш урттай шир аравдугаар сард 4900 төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1000- аар буурсан гэсэн үг. Харин цагаан ноолуур кг нь дунджаар 96 000 төгрөгт хүрсэн нь 2022 оныхтой харьцуулахад 5000-аар дээшилсэн үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүн өнгөрсөн сард Улаанбаатарт хамгийн өндөр буюу кг нь 125 000, Булган, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 80 000 төгрөгийн ханштай байв. Сонирхуулахад, хоёр метрээс дээш урттай, үхрийн ширний үнэ 2020 оны аравдугаар сард 6900, дараа жилийнх нь мөн үед 6100 төгрөг байсан дүн бий. Тэгвэл цагаан ноолуур кг нь 2020 оны аравдугаар сард дунджаар 52 000, 2021 онд 110 000 төгрөг байсан юм.
Бэлтгэсэн: Б.Сонор