Монгол Улсын гадаад харилцаа идэвхжиж, өргөжин тэлэхийн хэрээр гадаадын улс орнууд, газар ус, хүний нэрийг цэгцлэн журамлаж, хэвшүүлэх шаардлага үүсжээ. Тодруулбал, Монгол бичгийн хэлэнд кирил үсэг зээлж нэвтрүүлэхдээ улс орон, газар усны нэрийг орос бичлэгээр шууд авч хэрэглэсэн байдаг. ГХЯ-ны архивын зарим албан бичиг үзэж байхад Бээжин хотын нэрийг хүртэл Пекин гэж бичдэг байж. Харин монгол нэрийг оросоор, орос хэлний зүйд тохируулан Улан-Батор, Тэрэлдж, Дзавхан гээд бичээд ирэхээр шууд хуулбарлах замаар нэгдсэн стандарт тогтоож болохгүй байгаа юм. Ингэснээр зарим нэрийг монгол хэлний уламжлал, тухайн хэлний бичлэгт тохируулан засаж өөрчилж байсан ч тэр нь алдаг оног байж, үр дүнд нь гадаадын улс орон, хотуудын нэрийг заримыг нь хуучин монгол уламжлалаар, заримыг нь тухайн хэлний дуудлагаар, заримыг нь оросын тогтсон стандартаар бичдэг өнөөгийн холимог тогтолцоо бүрэлджээ. Тус холимог тогтолцоог журамлаж, цэгцлэх нь монгол хэлний эрдэмтдийн эрхэм үүрэг боловч гадаад улс орнууд, хотуудын нэрийг буруу зөрүү эсвэл бусдын тогтоосон журамд баригдаж хэрэглэх нь манай “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт”гадаад бодлогын суурь зарчимтай нийцэхгүй байгаа учраас Гадаад харилцааны сайд санаачилгыг өөртөө авч, эхний ээлжинд НҮБ-ын гишүүн орнуудын болон нийслэл хотуудын нэрийг шинэчилэн тогтоох хэлэлцүүлгийг эхлүүлж байна.
Үүнд:
- Монгол хэлэнд гадаад нэр нутагшуулахдаа тухайн хэлний бичлэг, дуудлагад хамгийн ихээр дөхүүлэх ганцхан зарчим баримталдаг. Энэ зарчмаар оросоор Париж, Рим, Сеул, Пхеньян гэж бичдэг хотуудын нэрийг бид Парис, Ром, Сөүл, Пёньян гэж бичдэг. Нэгэнт ийм зарчим хэрэглээд эхэлсэн бол дэлхийн бүх хотуудын нэрийг адилхан журамлах ёстой, Мюнхен, Брюссель, Ереван, Тхимпху, Никосия, Копенгаген, Тегеран, Люксембург зэрэг орос бичлэгтэй үгийг Мүнхэн, Брүсэль, Эриван, Тимпүг, Лэвкош, Көпэнхагэн, Тэхран, Лүксэмбүрг гэвэл илүү эвтэйхэн.
- Монгол бичгийн хэл эртний уламжлалтай тул зарим улс орон, хотуудын нэрийг бичиж тогтсон хэвшмэл ёс байна. Энэ уламжлалаар бид Индия, Непал, Корея, Китай зэрэг олон улсын нэршлийг Энэтхэг, Балба, Солонгос, Хятад зэргээр хэвшиж тогтсон. Нэгэнт ийм ёсыг баримталсан бол бусад түүхэн уламжлалтай нэршлийг ч сэргээж хэрэглэхэд буруудах зүйлгүй. Тийм болохоор Египет, Афганистан, Маврикий, Армени зэрэг орос бичлэгтэй нэршлийг Мисир, Авганистан, Маврис, Эрмэн гэж хэвших нь зүйтэй. Дашрамд дурдахад монгол хэлтэй төрөл түрк, казах, үзбэк зэрэг түрэг хэлээр Египтийг одоо хүртэл Мисир гэдэг, түркээр Арменийг Ermenistan гэдэг, адилхан кирилжин үсэгтэй казах хэлээр Афганистаныг бүр Ауғанстан гэж бичдэг юм байна.
- Зарим улс орны албан ёсны нэрийг тухайн хэлнээс нь зөв оновчтой орчуулж хэрэглэх шаардлагатай байна.
- Kingdom буюу Королевство гэдгийг Хаант Улс биш, хуучнаар нь Вант Улс, Principality буюу Княжество гэдгийг Гүнт Улс, State буюу Государство гэдгийг Төр, Duchy буюу Герцогство гэдгийг Гүнлэг Улс гэж цэгцлэх хэрэгтэй байна. Вант Улсыг Хаант Улс гэж өөрчилөхөөр зарим харилцаанд хаант засаглалтай холбоотой нэртомъёо, ойлголтын зөрүү гарах тохиолдол ажиглагдаж байна.
- Хоёр үг нийлсэн нэршлийг Антигуа ба Барбуда, Босни ба Герцеговина, Сент-Китс ба Невис, Сент-Винсент ба Гренадин гэх зэргээр эв хавгүй нэрлэснийг цэгцэлж, Антигуа Барбуда хоёр, Босна Хэрцэг хоёр, Сэнткитс Нэвис хоёр, Сэнтвинсэнт Грэнадин хоёр гэж тогтоод албан ёсны нэрийг нь Антигуа Барбуда Улс, Босна Хэрцэг Улс, Сэнткитс Нэвис Улс, Сэнтвинсэнт Грэнадин Улс гэж журамлах асуудлыг хөндөж байна.
Энэ санаачилга монгол хэлний нэр томъёог цэгцэлж албан бичиг хэргийг журамлах зорилготой боловч нөгөө талаар гадаад бодлого, харилцаанд чухал ач холбогдолтой юм. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй төвөгтэй болсон өнөө цагт Монгол Улс “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт”гадаад бодлогодоо тууштай байж харилцаагаа өргөжүүлж, энхийн хэлэлцээрт уриалж, НҮБ-ыг бэхжүүлэх санаачилга гаргаж, хилээ нээж, визээ цуцалж, гадаадын жуулчдыг урьж эерэг хандлагыг түгээсэн идэвхтэй гадаад бодлого явуулах зорилт тавьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд улс орнуудын нэрийг цэгцлэх нь найрсаг харилцаа, сайн санааны илэрхийлэл байж ч болох юм.
Монгол Улс эдүгээ дэлхийн 193 улстай дипломат харилцаатай, өнөөдрөөс эхлэн эдгээр улсын нэрийг дипломат харилцаа тогтоосон он сарын дарааллаар нь өөрийн санал болгосон хувилбараар хоёр, гурваар нь багцалж, өргөн олноор хэлэлцүүлэх саналыг салбарын сайд гаргаж байна.