АН-ын өчигдөр болсон “4:11” ээлжит мэдээллийн цагт тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс оролцож, өнөөгийн эрх баригчид шүүхийг гар хөлөө болгож байна хэмээн шүүмжлэв. Ч.Өнөрбаяр “Жирийн иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахаар шийдвэрлэдэггүй, удаадаг, залхаадаг. Харин эрх баригчид, тэдний ойрын хүмүүсийн холбогдсон хэргийг тэр дор нь шийдвэрлэн, ялаас мулталж байна. Гэхдээ бүх шүүх шударга биш шийдвэр гаргаж байгаа гэж хэлэхгүй. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх рүү хэт их дайрч, нэр хүндийг нь унагахад нөлөөлсөн. Өмнө нь Засгийн газрыг тэргүүлж байсан хүмүүсээс хэн нь ч шүүх рүү халдаж байгаагүй. МАН-ынханд бүх эрх мэдэл нь бий. Гэсэн ч тэд авлига газар авсныг гайхаж, цочирдож байгаа нь хачирхалтай” гэв.
Мөн тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж уржигдар нийслэлийн хэмжээнд тэг зогсолт болсон нь зохиомол шалтгаантай байж магадгүй хэмээн хардаж буйгаа илэрхийллээ. Ингэснээр ногоон автобуснуудыг үйлчилгээнд гаргах, жолооч нар 27 500 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ гэж эрх баригчид тооцоолсон гэв. Түүнчлэн намын дарга Л.Гантөмөр АН-ын дотоод эв нэгдэлд илүүтэй анхаарч, өдөр тутмын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож буйг уламжиллаа.