Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 21 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад долоогоор нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг Баян-Өлгий аймагт, 19-ийг Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 367-д хүрсэн бөгөөд 51 нь нас баржээ.
Манай улсад илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан халдвар юм байна. Ташрамд дурдахад, энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд 8638 хүн бэлгийн замаар дамжих халдвараар өвчилснийг тогтоожээ. Өвчилсөн хүний тоо өнгөрсөн есдүгээр сарынхаас 915-аар нэмэгдсэн нь энэ аж. Он гарснаас хойш бүртгэгдсэн нийт халдварын 40.6 хувийг тэмбүү, 35.4 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг нь трихомониаз, үлдсэнийг нь бусад өвчин эзэлсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тэмбүүгээр өвчилсөн хүний тоо 266-гаар нэмэгдсэн гэнэ. Тэмбүүгийн өвчлөл Архангай, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод өндөр байгаа аж.
Бэлтгэсэн: М.Оч