Одоогоор Монгол орны нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон, Алтайн уулархаг бүс, говь, талын нутгаар салхи шуургатай, агаарын температур огцом “доошилсон” байгаа бол цаашдаа хүйтний эрч улам чангаран, өвөлжилт хүндэрч болзошгүй гэнэ. Үүнтэй холбогдуулан өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, гамшгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах үүргийг УОК-оос 21 аймгийн Засаг дарга болон онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагуудад өчигдөр өглөө. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэлтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээг боломжит бүх шугамаар түгээх, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэгт онцгой анхаарахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөв.
Энэ сарын 3-5-нд их хэмжээний цас орсноос өвөлжилт нь хүндрээд буй Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумд өчигдрөөс УОК-ын ажлын хэсэг ажиллаж эхлэв. Тус бүрэлдэхүүн сумдын Онцгой комисст шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байгаа бол ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадынхан Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумд долоо, Өвөрхангайн Зүүнбаян-Улаанд нэг хүн амиа алдаад буй. Тэгвэл золгүй байдлаар эндсэн эдгээр иргэний ар гэрийнхэнд УОК-оос эхний ээлжид тус бүр таван сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Мөн Лүн, Эрдэнэсант сумд түлшний дэмжлэг үзүүлэхээр болов. Гамшгийн улмаас нийт хэчнээн мал хорогдсоныг эцэслэн тогтоогоогүй ч одоогоор Лүн сумд 820 бог, бод хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.