Засгийн газрын энэ 7 хоногийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдал, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар (COP17) зэрэг 16 асуудал хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийг хүргэе.
Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга “Худалдаа аж үйлдвэрийн танхимийн тухай хуулийн шинэнчилсэн төслийг өргөн барихаар болсон. МҮХАҮТ-тай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, бизнесийн орчныг дэмжих, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдах, бодит дэмжлэлгийг үзүүлэх асуудлыг хөндсөн. Дээрх уулзалтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийхдээ, 5 орчим хуулийг өөрчлөхөөр оруулсан. Ингэхдээ МҮХАҮТ-ын бүтцэд өөрчлөлт оруулж, салбар танхимууд нь мэргэжлийн холбоод шиг салбар бүрийг төлөөлдөг болох асуудлыг хөндөж байна. Энэхүү загварыг ХБНГУ, Турк, БНСУ-д туршигдсан, үр дүнтэй загвар юм. Мөн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн эрх ашиг энд яригдана. Тодруулбал, нэг хүн эсвэл хэсэг бүлэг хүн ТББ байгуулж, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг. Тиймээс энэ байдлыг хуулийн заалтаар зохицуулна.
Энэ мэтээр хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж, цахимжиж байна. Харин хувийн хэвшил энэ түвшинд хүрч байна уу гэдэг асуудлыг хөндөж, хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хувийн хэвшлийн чиглэлийг тодорхой байлгах, эрх үүрэг нь ойлгомжтой байх асуудлыг хөндсөн. Мөн компанийн төлбөрийн чадваргүй байдал, төр хувийн хэвшлийн татварын зохицуулалттай холбоотой өөрчлөлт орно” гэлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Төр хувийн хэвшлийн хооронд уулзалт байнга болдог. Дараа нь цөөн хэдэн компанийн асуудал болж хувирдаг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэж, институц хооронд ярьдаг болно. Хувийн хэвшил нэгдэж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудал ч шийдэгдэнэ. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, хэд хэдэн өөрчлөлт орсон. Гэвч төр хувийн хэвшлийг төлөөлөх чиглэлд дорвитой өөрчлөлт оруулж ирж байгаагүй. Тиймээс өнөөдрийн хуулийн төсөл том эхлэл болж байна. Холбоог мэргэжлийн болгох асуудлыг ч хөндөж байна. Татварын орчин, зээлийн хүү, ажиллах хүчин тогтвортой байдал, төрийн институц хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн бизнесийг хийдэг зэрэг асуудлыг зохицуулна” гэлээ.