Сэлэнгэ аймаг хиймэл оюун ухаанд суурилсан “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” хөтөлбөрийн шинэчилсэн төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Батлагдсан хуваарийн дагуу арваннэгдүгээр сарын 6-наас Алтанбулаг суманд эрт илрүүлэх үзлэг, оношлогоог хоёр өдрийн турш зохион байгуулжээ. Шинэчилсэн төлөвлөгөөнийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтай шинэ технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болсон. Зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтайгаар 10 төрлийн уушгины өвчлөл болох ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл, уушгины соривжилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий хурах, зангилаа болон зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд оношилж, баталгаажуулж байна.
Манай улсад дээрх технологийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Интермед болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд суурин рентгений тусламжтай ашиглаж байгаа бол Сэлэнгэ аймаг орон нутагт зөөврийн дижитал рентген аппаратыг нэвтрүүлсэн анхдагч болжээ. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас цаашид 17 сум, зургаан тосгонд хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношлогоог зохион байгуулахаар төлөвлөжээ.