Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай болжээ. Өдгөө өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байгаа аж. Нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд 815 ор бий гэнэ. Өвлийн ид ачаалал ихсэхээс урьтаж үүн дээр нэмэлтээр 140 ор дэлгэжээ. Одоогоор орны ачаалал 86 хувьтай буй юм байна. Өвчлөлөөс сэргийлэхийн тулд улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтыг өнгөрсөн сарын 10-наас эхлүүлсэн. Зорилтот бүлгийн иргэд үүнд идэвхтэй хамрагдахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриаллаа. Тус газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа. Уг бүлэгт 2-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насныхан, архаг, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг. Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцин хийлгээд байна” гэв. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглүүлдэг нь буруу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхаарууллаа. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй гэв. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөлөө. Ташрамд дурдахад, томуу, томуу төст өвчний тархалтыг идэвхжлийн, алаг цоог, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлснээр томуу, томуу төст өвчин одоогоор идэвхжлийн буюу тархаж эхлэх үе шатандаа байгаа аж.
Бэлтгэсэн: М.Оч